Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.05 15:07
779
О.Алтангэрэл: Төрийн нууцаас бусад хэргийг ил тод, нээлттэй шүүж болно гэж үзэж байгаа

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг давж заалдах үатны шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдөр болно. Тэрээр шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж, өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаад байгаа юм. Түүнд 5 зүйл ангиар 4.9 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс өгөөд байгаа юм.

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд өглөө.

О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайд: Би таны хүсэлтийг хүлээж авлаа. ХЗДХ-ийн сайдаар томилогдоод удаагүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэх асуудлаар өмгөөлөгч нараас нь гомдол ирсэн. Өмгөөлөгчтэй шүүгээгүй, өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудал яригдсан. Тухайн хэргийн талаар судлаад үзэхэд өмгөөлөгч нь хэргийн талаар мэдээлэл байхгүй, өөр зүйлчлэлтэй хэргийг нь өмгөөлнө гээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсаар байхад шүүх хуралдааныг хийсэн. 

Тиймээс тус асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсад хүн өмгөөлөгчгүйгээр шүүгдэх ёсгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй учраас сахилгын хороо, шүүгчид хариуцлага тооцож өгнө үү гээд албан тоот би явуулсан. 7-р сарын сүүлээр явуулсан боловч өнөөдрийг хүртэл албан тоотын хариу ирээгүй байгаа. 

Нууцтай холбоотой хэргийг нь хаалттай, бусад хэргийг нь олон нийтэд нээлттэй явуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг ШЕЗ-ийн даргад би өөрөө хандсан байгаа.

ХЗДХ-ийн сайдын хувьд төрийн нууцаас бусад хэргийг ил тод, нээлттэй шүүж болно гэж үзэж байгаа. Буруутай бол буруутайг нь олон түмэнд мэдүүлж, юунд буруутгагдаад байгааг нь харуулмаар байна. Тэрнээс чимээгүй хаалганы цаана буруутгагдаж, шүүхийн тогтоол сонсдог баймааргүй байна. 

Шууд дамжуулалт: