Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.06 10:24
4154
Т.Ням-Очир: Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байна

Өнөөдрийн өглөөний зочинд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир оролцлоо.

-Өчигдөр нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхийг үзэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн нээлт боллоо. Сурагчдыг эрт илрүүлэгт хамруулснаар ямар үр дүнтэй вэ, хүүхдүүдийн дунд өвчлөл ямар байна вэ?

Монгол улсын Засгийн газраас эрт илрүүлгийн үзлэгийг 2022 оноос эхлэн зохион байгуулсан. Эрүүл мэндийн яам боловсролын салбартай хамтарч эрт илрүүлэгт 6 настай хүүхдүүдийг хамруулснаар хүүхэд бүрд хүрч ажиллах боломжийг хангаж байгаа.

2023 оны долоодугаар сард Боловсролын хууль батлахдаа “Сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалт бүртгэлийн санг бий болгоно” гэж тусгасан. Энэ хүрээнд 6 настай хүүхдүүдийнхээ зүрх судасны тогтолцоонд суурилсан үзлэгийг хийж эхэлсэн.

Үзлэг эхэлснээс хойш нийт хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувийнх нь нүд ямар нэгэн өөрчлөлттэй, 0,01 хувь нь зүрх судасны өөрчлөлттэй гарсан.

Сурагчдыг 6 насанд нь зүрх судасны тогтолцоо, 9 насанд нь амьсгалын замын тогтолцоо, 12 насанд нь мэдрэлийн тогтолцоо, 15 насанд нь шээс бэлгийн замын тогтолцоонд суурилсан үзлэгийг хийнэ. Ингээд хүүхэд 12 дугаар ангиа төгсөхдөө эрүүл мэндийн иж бүрэн мэдээлэлтэй болно.

-Ирэх оны төсөвт шинээр нэг ч сургууль, цэцэрлэг барих мөнгө тусгаагүй. Харин хуучин бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлнэ гэсэн шүү дээ. Ирэх онд боловсролын салбарт хэдэн сургууль цэцэрлэгийг хүлээж авах вэ?

2024 онд нийтдээ боловсролын салбарт 448 төсөл хэрэгжиж байгаа. Үүний 50 орчим хувь нь тоног төхөөрөмж, тавилга эд хогшилтой холбоотой. Бусад нь дан барилга байгууламжтай холбоотой төсөл бий.

Энэ жилийн хувьд 74 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг ашиглалтад хүлээж авна.

Үүний 26 орчим нь сургуулийн барилга байгаа. Ингэснээр сургуулийн суудлын тоо 17 мянга орчим суудлаар нэмэгдэнэ. 29 бүтээн байгуулалт нь цэцэрлэг. Ингэснээр цэцэрлэгийн суудлын тоо 7000 орчмоор нэмэгдэнэ. Үлдсэн бүх төсөл арга хэмжээг 2025,2026 онд шахаж дуусгахаар төлөвлөж байна.

Монгол улсын Засгийн газраас цэцэрлэг сургуулийн барилгын ажлыг эхэлсэн бол 3 жилийн дотор барьж дуусгах ёстой гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд 134 орчим барилга байгууламжийг шинээр төлөвлөсөн.

430 орчим байгууламжийн 158 нь сургууль, 158 нь цэцэрлэг, 110 орчим нь цэвэр суудлын тоог нэмэх барилга, байгууламж байна.

2024-2025 оны урьдчилсан статистик мэдээгээр 210 мянган суудал дээр 260 мянган цэцэрлэгийн хүүхдийг хүмүүжүүлж байна. ЕБС-ын сургуулийн хувьд 525 мянган суудал дээр 800 орчим мянган сурагчдыг сургаж байна.

Тэгэхээр цэцэрлэгийн орны тоог 50 мянга орчим, ЕБС-ын суудлын тоог 200 мянга орчмоор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий.

-Ирэх онд боловсролын салбарт ямар бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа вэ?

2025 он бол их чухал жил. 2013-2014 онд бага боловсролын хөтөлбөрүүд шинэчлэгдэж байсан. Харин 2025-2026 онд бага боловсролын шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.

Тэгэхээр энэ хичээлийн жил цэцэрлэг болон бага боловсролд сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, туршилтууд эхэлсэн. 

-Аравдугаар сарын 1-ээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын зөрүү мөнгийг эцэг эхчүүдээс гаргаж эхэлсэн. Сарын 22 мянган төгрөг. Ингэснээр хүүхдүүдийн хоолны шим тэжээл, эрдэс баялаг хэрхэн нэмэгдэж байна. Боловсролын ерөнхий  газраас хяналт тавьж ажиллаж байгаа юу?

Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгө 3000 төгрөг байсан бол 4000 болж нэмэгдсэн. Хоолны зардал 25 хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг. Мэдээж чанарт мэдэгдэхүйц ахиц гарч байгаа.

Боловсролын ерөнхий газраас системийн хөгжүүлэлтийг хийхэд анхаарч ажиллаж байна. Системээр дамжуулан таны хүүхдэд ямар хоол өгч байна. Шим тэжээлээ авч чадаж байна уу гэдгийг хянах боломжтой.

Аравдугаар сард 22 мянган төгрөгийг 100 хувь авсан. Харин энэ сараас эхлээд гүйцэтгэлээр авч эхэлсэн. 18 хоног явсан бол 18 өдрийн хоолны мөнгийг л авна гэсэн үг.

Шууд дамжуулалтыг үзэх: