Шинжлэх ухааны хувьсгал хүн төрөлхтөн үүссэн хугацаатай харьцуулбал нэн шинэ үедээ орно. Шинэ тив, шинэ газар нээх танин мэдэхүйн хувьсгал, аж амьдралыг сайжруулах хөдөө аж ахуй газар тариалангийн хувьсгал, оюун санаа хүн хүнтэйгээ харилцах харилцааг шинэ түвшинд аваачсан технологийн хувьсгал гээд түүхэн хугацаанд цөөнгүй хувьслаар бид дамжин иржээ. 1990 он, Коммунист дэглэмийн олон орнууд задарч улс төр, нийгэм эдийн засгийн цоо шинэ өрсөлдөөнд шилжиж, иргэд хоорондын харилцаа холбоо ч цоо шинэ түвшинд гарах эхлэл тавигдсан байдаг. Хүний амьдралын энгийн хэв маяг болох дэлгүүр хэсэх, худалдаа хийх зэргээр нийгэмшиж, чөлөөт цагаа өнгөрөөх, мэргэжлийн харилцаа холбоо үүсгэх зэрэг үйлдлүүд бүгд шахам интернэт рүү шилжсэнээс болж уламжлалт бизнес загваруудад томоохон сорилт тулгарч зарим нэг нь үүд хаалгаа барьж цоо шинэ өрсөлдөөн бий болсон гэхэд хилсдэхгүй.
Жишээ нь: Уламжлалт банк санхүүгийн салбар технологийн салбарт шилжиж “Финтек” (Financial Technology) салбар эрчээ авч үйлчлүүлэгчийн олон бичиг цаас дамжсан процессыг хөнгөвчлөн, өөрчлөлт өрсөлдөөнд хойрго хандсан нэгнийг өршөөлгүй залгиж цааш харуулсан. Аялал жуулчлалын салбарт ч мөн адил. Үүсэж хөгжсөн хугацаатай нь технологи нэвтэрсэн хугацааг харьцуулбал 30хан жилийн настай. Гэвч өөрчлөлт шинэчлэлт асар хурдацтай явагдаж, 178 жилийн түүхтэй аялал жуулчлалын хамгийн том гигант байсан Thomas Cook Group 2019 онд үүдээ барьсан. Салбарын экспертүүд эл дампуурлын гол шалтгааныг хэт данхар бүтэц, технологийн нэвтрэлтийг түрүүлж ашиглаж чадаагүйд оршино хэмээн тодорхойлж байсан удаатай.
Анхны аялал жуулчлалтай холбоотой цахим каталоги 1994 онд хийгдэж ердөө 2 жилийн дараа бидний сайн мэдэх tripadvisor.com, booking.com гэх мэт онлайн аяллын агентлагууд шил шилээ даран байгуулагдсан. Хэрэглэгч рүү чиглэсэн технологийн инновацлаг бүтээгдэхүүн нь нөгөө талд бизнесийн байгууллагуудын удирдлагын систем (PMS-Property Management System) ERP системийг ч хөгжлийн дараагийн шатанд гаргасан. Уламжлалт GDS систем, суурилуулалт шаарддаг, өндөр үнэтэй системүүд үүлэн (cloud) технологит шилжиж жижиг том гэлтгүй аль ч шатны аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд хэрэглэж болохоор болсон. Монгол орны хувьд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь технологийн түүхэн хэрэглээг дараах хэд хэдэн үеүүдэд хувааж болох юм.
Цаашид бид… Хэрэглэгч олон талт хайлтын платформуудын ард гарч, сошиал медиагаас мотиваци авч, онлайн аяллын агентлагуудаар сонгон үйлчлүүлэх чиг хандлагатай болсон. Бизнесийн байгууллагууд сошиал медиа, хайлтын платформууд (Google, Bing, Yandex, Naver) дээр ямар нэг илэрцтэй байх нь бизнесийн нэр хүнд төдийгүй, борлуулалт маркетингийн чухал хэрэглэгдэхүүн болон өөрчлөгджээ. Аялагчдын сонголт хийх алхамтуудыг доорхи зурагт харуулав.
Өөрсдийн бизнесийн онцлогт тохирохоос сонгоод бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулан хөдөлмөрөө хөнгөвчлөх, хэрэглэгчийн худалдан авалтад өртөх боломжтой юм.
Бид нэг нэгнээ дуурайх хандлагатай хөгждөг, нэгж ажилтанаас салбарын туршлага, бизнес төлөвлөлт, судалгаа шинжилгээ, гэрээ хэлцэл, сошиад медиа маркетинг, контент бэлтгэл, онлайн дээрхи олон сувагжуулалт, вэб дизайн, SEO гэх мэт нэгж ажилтанаас маш олон ур чадвар шаардана. Үүнд бизнесийн байгууллагууд буруугүй. Зах зээлийн хувьд жижиг, кластер байдлаар хөгждөг манайх шиг оронд нэгж ажилтанаас маш олон ур чадвар шаардах нь аргагүй юм. Гагцхүү шинэ үеийн дижитал маркетингийн эдгээр арга хэрэглэлүүдтэй ажиллаж чадах чадварлаг ажилтануудыг академик түвшинд бэлтгэх нь зайлшгүй шаардлагатай байгааг зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр төгсөгч бэлтгэдэг их дээд сургуулиуддаа дахин дахин уриалъя.
Монголын аялал жуулчлалын технологийн төвийн Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр