Төсөв дагасан олон асуудал хөвөрсөн долоо хоног өнгөрч байна. Хуульдаа 2025 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл уг төсвийн төслийг батлах хэмжээний хангалттай биш байгааг зарим гишүүд шүүмжилж буй.
Учир нь УИХ-аар хэлэлцүүлж буй 2025 оны улсын төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наядаар, Засгийн газрын өр 5 их наядаар, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болж орж ирсэн нь намуудын мөрийн хөтөлбөрийг зөрчиж байна ч гэж үзэх шалтгаан болж буй.
Дөрөвхөн сарын өмнө намуудын өгч байсан мөрийн хөтөлбөрүүдийн төсөвтэй харшилж буй заалтуудыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дурджээ.
Үүнд:
МАН: 2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25% хүртэл болгож бууруулна.
АН: 5.1.3. Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танана.
ХҮН: 1.4.5. … төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэв.
Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60% нэмэгдүүлж, ДНБ-ныг 37.7% болгож нэмэгдүүлэхээр төсвийн төсөл оруулж иржээ.
Ирэх оны төсвийн төсөлд:
-Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин нэмэгдсэн,
-Тавилга, эд хогшил, урсгал засварын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин нэмэгдсэн,
-Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин нэмэгдсэн,
-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин нэмэгдсэн,
-Бараа, үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн,
-Тоног төхөөрөмжийн худалдан авалт 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин өссөн,
-Их засвар 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин өссөн байна.
Зөвхөн эдгээр төсвийн зардлын нэмэгдэл нь 49.9 тэмбум төгрөгөөс 1 их наяд 162.5 тэрбум төгрөгийн хооронд нэмэгдсэн байгаа юм. Харин нийт дүн нь 2 их наяд 681.2 тэрбум төгрөг болж байна. Энэ нь ирэх оны 1.9 их наяд төгрөгийн төсвийн алдагдлаас 1.4 дахин өндөр дүн юм.
Мөн зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл, арга хэмжээг хууль зөрчин, соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн эрхийн бичиг тараах гэх мэт нэн шаардлагагүй 595.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн бүхий арга хэмээнүүдийг салбарын хуулиадад заасан нэрээр санхүүжүүлэхээр тусгажээ.
Уг нь МАН, АН,ХҮН нам мөрийн хөтөлбөрөө эргэн харж, амлалтаа биелүүлбэл үргүй зардлыг танах боломжтой. Тиймээс ч төсөв батлахад цөөн хэдхэн хоног үлдсэн энэ үед ирэх оны төсвийг тойрсон асуудлууд хүчтэй яригдсаар байна...