Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дагуу, 2024-2025 оны өвлийн оргил ачаалал эхэлж байгаа энэ үед хөрс тээврийн 90 тонны даацтай Коматцу HD785-7 маркийн автосамосваль 3 ширхэг, Коматцу WD600-6 маркийн 530 морины хүчтэй, 8м3 түрэгчтэй дугуйт бульдозер 1 ширхэгийг тус тус өөрийн хөрөнгөөр худалдан авч 2024.11.08-ны өдөр дилер компаниас албан ёсоор хүлээн авч, ажилд нь гаргалаа.
Техник хүлээн авах ёслолын ажиллагаанд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Үйлдвэр эрхэлсэн дэд захирал М.Мөнхжаргал, Трансвест Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Андрью Херод, Хууль эрх зүй хариуцсан захирал Б.Чулуунбаатар, Худалдаа маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, Засвар үйлчилгээ хариуцсан ерөнхий менежер Барри Паулин нар оролцож, хүндэтгэлийн тууз хайчиллаа.
Багануур ХК жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Тухайлбал: 2024 онд 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй хэдий ч дулааны цахилгаан станцуудын захиалга нэмэгдэж 4.8 сая тонн нүүрс олборлох болоод байгаа. Түүнчлэн нүүрсний үнээс улбаатай мөнгөн хөрөнгийн дутагдал, байгаль цаг агаарын нөхцөл байдал, худалдан авахаар төлөвлөсөн техникүүд хугацаандаа хил гаалиар орж ирээгүй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 2024 оны 7-р сараас эхлэн хөрс хуулалтаа төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж чадалгүй, 1.8 сая.м3 хөрсний алдагдалд ороод байсан. Эдгээр шинэ техник, тоног төхөөрөмжүүд оны үлдэж буй хугацаанд хөрсний алдагдлыг бууруулах, цахилгаан станцуудын нэмэлт захиалгат нүүрсийг хангахад ихээхэн хувь нэмрээ өгөх юм.