Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.12 15:31
1387
Эрчим хүчний реформ хийхэд Монгол улсын Засгийн газарт ямар саад тулгарав!

Хамтарсан Засгийн газар томоохон шийдвэрүүдийг гаргахын тулд нэгдсэн гэдгээ зарласан. Гацсан олон төсөл арга хэмжээг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх эн тэргүүний асуудал. Тиймдээ ч удаан алдагдалтай ажилласан эрчим хүчний салбарын нуруун дээрх ачааг хөнгөлнө гэв.

Эрчим хүчний реформ хийхийг УИХ-ын гишүүд болон учир мэдэх иргэд хүлээн зөвшөөрч, уналтад орсон салбараа босгож ирэхийг дэмжсэн. Гэвч реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифыг нэмэх асуудал биш, чухам ямар дарааллаар хэрхэн ажиллах тайлбарыг олон нийт хүлээж буй. 

Эрчим хүчний салбар өнгөрсөн жилд 240 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ онд 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарсан байна.

Тэгвэл эрчим хүчний үнэ тарифт ямар өөрчлөлт орох, ямар реформ хийхээр яригдаж байгаа талаар ЭХЗХ-оос хорооноос тодруулахад УИХ-ын гишүүн Т.Доржхандын ахалсан Эрчим хүчний реформын хорооноос “Эрчим хүчний үнийн өөрчлөлтөө зарлахаа түр хойшлуул гэсэн чиглэл өгсөн. Одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байна” гэв.

Угтаа бол Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар ажиллах ёстой. Хараат бусаар ажилладаг гэдгийг ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлж байсан.

“Хамтарсан засгийн газар зоригтойгоор өөрчилнө , эрчим хүчний үнийг нэмнэ, реформ хийнэ. Үнийг арваннэгдүгээр сарын 1-нд зарлана” гэж сүр дуулиантайгаар мэдэгдсэн Шадар сайд Т.Доржханд ямар шалтгаанаар усанд хаясан чулуу мэт алга болов? Эрчим хүчний реформ хийхэд Монгол улсын Засгийн газарт ямар саад тулгарав!