Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.11.12 16:36
2945
Бушуу туулай борвиндоо баастайн үлгэр буюу "хуучирдаггүй 126"-ын балаг

Өнгөрсөн баасан гарагт УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж батлахтай зэрэгцээд тодотгол хийх тогтоолыг ч мөн хэлэлцээд авсан юм.

Тодруулбал, нэр бүхий гишүүд төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгээс эхлэн урсгал зардлаас 3.6 их наядыг танахыг шаардаж, хууль эрх зүйн хувьд боломжгүй  “улс төрийн шоу" хийцгээсэн гэж хэлж болно. 70 орчим хоног хэлэлцсэн төсвийн төсөл дээр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах, төсвийн төслийг ЗГ-т буцаах ч боломжтой байсан хэдий ч дэгээ мэдэхгүй, хуулиа судлаагүй, гишүүний үүргээ ухамсарлаагүй хэдэн нөхөд өөрсдийн гараар дараа дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлчхээд эцэст нь УИХ тарах хүртэл эрсдэлтэй нүүр туллаа гэх айдас, түгшүүр басхүү “бяцхан сүрдүүлэг” дор яаравчлан алх цохисноор өндөрлөсөн.

Тэгвэл Монголын парламентын түүхэнд төсвөө баталчхаад араас нь шууд тодотгол хийж байсан тохиолдол байхгүй бөгөөд 126 гишүүнтэйгээр бүрэлдсэн парламент ийнхүү сар хүрэхгүй хугацаанд тодотгол хийхээр болоод буй нь товчхондоо бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болоод буй нь энэ. Гачлантай нь балгийг нь тэд тарьсан ч, гайг нь иргэд л үүрнэ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уг асуудалд байр сууриа илэрхийлж, “гишүүд хэзээ гишүүн шиг ажиллах вэ” гэх асуудлыг хөндөөд авсан нь харин цагаа олсон ганц оновчтой асуулт басхүү шаардлага байсан гэдгийг энд мөн дурдах нь зүйтэй биз!