Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.11.12 17:50
1772
Ахлах тогооч А: Цэцэрлэгт 20 жил ажиллахдаа өнөөдрийх шиг олон төрлийн нарийн ногоогоор хоол хийж байсангүй

ЗГ-аас хүүхдийнхээ хоолыг эцэг эх, асран хамгаалагч нь төртэй хамтран төлдөг байх зохицуулалт хийснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ явсан өдрийн тоогоор нэмэлт мөнгө төлөх шийдвэр хэрэгжээд эхэлсэн. Өмнө нь хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 2450 төгрөг байсан бол эцэг эхчүүдээс өдрийн 1000 төгрөг нэмж авснаар илчлэг, чанар нь сайжирна хэмээн ЗГ, холбогдох яамнаас тайлбарлаж буй. Тэгвэл энэхүү шийдвэр бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжлахаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..  дугаар цэцэрлэгийг зорилоо.  Сурвалжлагч миний бие 13.30 минутын үед очиход цэцэрлэгийн унтлагийн үе таарснаас нам гүм, бяцхан хүүхдүүд гүн нойрондоо автаж байлаа.

СӨБ-ын хоол зүйч, ахлах тогооч А: Улсын цэцэрлэгт 20 гаруй жил тогооч хийхдээ өнөөдрийнх шиг олон төрлийн нарийн ногоогоор хоол хийж , 7 хоногт 3 удаа сүү тараг өгч байсангүй.

Энэ оны 10-р сарын 1-ээс хэрэгжиж буй ажлын хүрээнд цэцэрлэгийн хоолны нэр төрлийг олшруулж, юуцай бууцай, өргөст хэмх, улаан лооль, хулуу, брокли зэрэг ногоон шим тэжээл ихтэй хүнсний ногоог өдөр тутмын хоолны орц найрлагад багтааж байна.  Үүнээс гадна сүү, таргаар дархлааг дэмжин кальци нөхөх зорилгоор булууны ясны шөл гаргах, нарийн боовыг өөрсдийн гараар хийж хүүхдийг далд сахраас хамгаалж байна.  Хүүхдүүд хоолны төрөл зүйл, амт чанараас шалтгаалан сониучирхан амтархан иддэг болсон.  

СӨБ-ын Бүлгийн багш М:  Ханиад томууны улиралд хүүхдийн ирцийн бүрдүүлэлт огцом буурдаг нь дархлаатай холбоотой байдаг.  Энэ сард хүүхдийн хоол тэжээлийн чанар сайжирснаар хүүхдүүд ханиад хүрч чөлөө авах нь багассан нь дархлааг сайтар дэмжиж байгаатай холбоотой гэж бодож байна.

СӨБ-ын Аргазүйч: Манайх Арта апплекшин сонгон хэрэглэж байна.  Өмнөх жилүүдэд асран хамгаалагч нар хоолны талаарх мэдээллийг зөвхөн амнаас ам дамжин бүлгийн багшаас асуудаг байсан бол платформоор дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол, хоолны орц найрлагад  хяналт тавьдаг болсонд иргэд сэтгэл хангалуун байгаа.  

Эцэг эхийн төлөөлөл Н: Хүүхдийнхээ ирцээр  хоолны мөнгийг АПП ашиглан төлж эхэлсэн. Өдөр өдрөөр хоолны мэдээлэл, илчлэг нь зургаар орж байгаа ч өмнө нь ямар хоол иддэг байсан зураг, туршлага байхгүй учраас харьцуулах боломжгүй байна. Гэхдээ хүүхдийнхээ дархлаа,  өсөлт хөгжилд зориулан өдөрт 1000 төгрөг төлж байгаадаа баяртай байгаа.