Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.14 17:06
1654
Хоёр парламент дамнан нүхэн жорлонгоор шоудсан Ч.Ундрам

Эрдэнэт үйлдвэрээс 160 тэрбум төгрөг гаргуулж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж болгох ажил дашийн шог болоод байна.

Тодруулбал, нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байгаагаас 116 нь ашиглалтад орсон гэгдэж буй ч  шалгалтаар тухайн байгууламжууд асар муу баригдсан, ихэнх нь эвдэрч хэмхэрсэн, бүрэн гүйцэт ашиглалтад ороогүй, тендерийг зураг төсөлгүй зарласнаас дахиж зурах шаардлагатай болсон гэх мэтээр товчхондоо 160 орчим тэрбум төгрөг эгээтэй л өнөөх нүхэн жорлондоо урсчихсан гээд хэлэхэд хол зөрөхгүй нөхцөл байдалтай үлдсэн.

Гэтэл хэрэгжээгүй төсөлдөө дахин дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам ахлахаар болжээ. Түүний хувьд өмнөх парламентад нэр дэвших цагаасаа эхлэн нүхэн жорлонгийн асуудлыг шийднэ хэмээн ам өчиг өгсөөр гарч ирсэн ч хоржоонтой нь хоёр парламент дамжин гийгүүлсэн гавьяагүй явсаар!

Тэгвэл Улаанбаатарын хэмжээнд л гэхэд 680 мянга гаруй нүхэн жорлон байгаа бол малчин өрх жилийн дөрвөн улирал нүүдэллэдэг гээд тооцохоор улсын хэмжээнд хоёр сая гаруй нүхэн жорлон байна гэх судалгаа бий. Дэлхийд нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж ганцхан жилд 800 мянга гаруй хүн амь эрсэддэг бол Монгол улс гурван сая 500 мянга орчим хүн амтай бол үүнтэй дүйцэхүйц хэмжээний буюу дээр дурдсан хоёр сая орчим нүхэн жорлон бий гэдэг нь өөрөө хэчнээн том аюул вэ гэдэг нь харагдаж буй.

Харамсалтай нь нийт улсынхаа байтугай хойч үе болсон хэдэн хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчны ариун цэврийн байгууламжийг ч шийдэх чадалгүй төр засагтай байгаа нь халагламаар!

Ямартай ч ирэх долоо хоногт буюу 19-ны өдөр Дэлхийн жорлонгийн өдөр болно. Нүхэн жорлонгоосоо салах ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ, хэрхэн үр дүнд хүрсэн бэ гэдгээ дүгнэж, цэгнэж, цаашдын шийдлээ хэлэлцэх ёстой гэсэн үг. Харин ажлын хэсгийг ахалж буй Ч.Ундрамын хувьд хоёр парламент дамжин ярьсан зүйлсээ тайлагнах цаг нь. Түүнд хэлж ярьснаас илүү хийсэн ажил бий юу гэдгийг бид шүүх учиртай...