Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.11.14 20:10
1478
Түрээсийн орон сууц хяналтаас гарч, байрны эзэд “гаарч” байна


Ө
рнөөс өрний хооронд татварын дарамт үүрч явдаг ард иргэдийн тодорхой хэсэг нь түрээсийн байр, орон сууцад амьдарч байна.  Тэдний дийлэнх  хувийг орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, оюутнууд эзэлж байна.  Энэ оны статистик мэдээллээр Монгол Улсын иргэдийн дундаж цалин 2,4 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 574,8 мянгаар нэмэгдсэн гэх боловч иргэдийн хэлж буйгаар дундаж цалин 1-1,5 сая төгрөг байна.

Дундаж цалинтай иргэдийн ихэнх нь түрээсийн байранд амьдарч, гэр бүлийн 2 гишүүний нэг нь бүтэн цалингаа түрээсэндээ өгдөг байна.

Бодит орлоготой нь харьцуулахад хэт өндөр түрээсийн үнэд хяналт тавих газар байхгүйгээс байрны эзэд гаарч байна.  

Жилээс жилд юунаас болж өртөг нь нэмэгдээд байгаа нь тодорхой бус түрээсийн байранд амьдардаг иргэд нөхцөл байдлаа ийнхүү илэрхийллээ.

Иргэн н.Өлзий: Цалингийнхаа 50 хувийг байрны түрээсэнд өгчихөөд 15 хувиар нь тог,ус, халаалтаа төлдөг. Улсаас түрээсийн байр бариад, түрээсийн мөнгөө байрны үнээс хасуулдаг бол гэж боддог юм. Одоо бол бүсээ чангалж л амьдарч байна.

Иргэн: Би одоо 31 настай 25-тайгаасаа хойш түрээсийн байранд амьдраад байр авах боломж бүрдээгүй тул төрийн албанд ажиллаж байгаа дээрээ Солонгос гарч ажиллахаар шийдээд 3 сар болж байна.

Иргэн О.Нанцад: Манайд хэт баян хүмүүс олон байр аваад өртөг өндөр түрээслүүлж байна. Түрээсийн байранд тааз үнэ тогтоохгүй юм байхдаа.

Иргэн н.Ганаа: Хямд түрээсийг нь бодоод хажуу өрөөнд амьдардаг. Байрны эзэд ганц бие эмэгтэй оруулна гэхшаардлага тавиад оруулдаг ч архи ууж хоорондоо хэрэлдэх, эрэгтэй хүмүүс дуудаж архидах нь хэцүү байдаг.

Сүүлийн жилүүдэд монголчуудын өргөнөөр хэрэглэх болсон “Үнэгүй.мн” цахим хуудас дахь түрээсийн орон сууцны үнийг судалж үзвэл 1-5 өрөө байрны нэг сарын түрээс 650мянгаас 18 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна.

Олон улсад орон сууц худалдан авахаас илүүтэй ажлын байр, сургууль цэцэрлэгтээ ойр байр түрээсэлж амьдрах нь хэвийн үзэгдэл болсон. Манайд түрээсийн байр дэлгэрч байгаа ч үнийг хязгаарлах боломжгүй, байртай иргэд амандаа орсон үнэ хэлж хөөрөгдөж байгаа нь бодит орлогоос зөрүүтэй болжээ. Нөгөөтэйгүүр байрны эзэд ганц бие, залуухан охидод өрөө, байраа түрээслүүлэх сонирхолтой байдаг нь ганц бие эрчүүд нас тогтсон хүмүүст байр олдохгүй байх шалтгаан болж байна.

Анхдагч хэрэгцээнийхээ төлөө зүтгэж буй иргэдийнтатварын дарамтгүй, өр зээлгүй нийгэмд амьдрах хүсэл өдрийн бодол шөнийн зүүд хэвээр байсаар.

Ачааны ихийг үүрч яваа иргэд яаж шуухан амьдарна даа.