Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.15 15:46
3060
Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрх зөрчигдсөөр байх уу?

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй хот төлөвлөлт, орон сууцжуулалт дэд бүтцийн болон уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна.

Улаанбаатар хотод 2016-2018 онд  1306 өрх дахин төлөвлөлтөөс хохирч үлдсэн гэх тоо баримт байна. Энэ онд 400 орчим өрх л  түр байршуулах орон сууцанд амьдарч байна гэх статистикаас өөр нэгдсэн тоо баримт алга байна.

Ялангуяа газар чөлөөлөх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд иргэдийн эд хөрөнийг үнэгүйдүүлэх, нөхөн төлбөрийг сунжруулах, тэр бүү хэл албадан нүүлгээд хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь сүйтгэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрх зөрчигдөх үзэгдэл гарсаар байгаа нь энгийн зүйл мэт болжээ.  Нөгөө талаар иргэд газраа хэт өндөр үнээр өгөхийг санаархах, тохиролцож чадаагүйгээс газар нь үнэгүйдэн үлдэх тохиолдол ч байна.

Дахин төлөвлөлтийн хохирогч иргэн П.Давааням: Манай байр дахин төлөвлөлтөд орохоор болж дээд доод айлуудтай гэрээ байгуулж байсан ч манайхыг үлдээсэн.  Тэр үеийн хуульдаа орон сууц эзэмшигчдийн наян хувь зөвшөөрсөн тохиолдолд хорин хувийг албадан гаргах эрхзүйн үндэслэлтэй байсан. Иймээс хэрэгжүүлэгч байгууллага биднийг албан гаргахдаа бичлэг хийж хаалга эвдэлж орж ирсэн. Энэ өдөр өмссөн хувцастайгаа хөөгдөөд таван жил орон байргүй яваа миний хохирлыг төр одоо ч барагдуулаагүй байгаа.

Иргэн М.Мөнхцэцэг: Газар чөлөөлөх асуудал зөвхөн миний асуудал биш нийтийн эрх ашиг ч мөн давхар хөндөгдөж байдаг. Өөрийнхөө асуудлыг 2017-2018 онд шийдүүлснээс хойш 1000 орчим айлын газрын асуудал дээр тусалж нөхөн төлбөрийг бүрэн төлүүлсэн. Үүнээс хойш иргэдийн дуу хойлоо болж ажиллаж байна. Сүүлийн үед жижиг өрхийн үйлдвэрлэгч нарын ажлын байрыг хадгалах тал дээр анхаарах шаардлага үүсэж хамтран ажиллаж байна. 

Иргэн Н.Алтанхүү: Би 50 гаруй настай нөхөртэйгөө найман нэрийн дэлгүүртэй 2 давхар байшинд амьдардаг. Газар маань дахин төлөвлөлтөд орох болсноор байрны асуудал шийдэгдэж байгаа ч ажлын байргүй болох эрсдэл үүссэн.

Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: Төр газар чөлөөлөх дахин төлөвлөх ажлыг хэрэгжүүлэхээсээ өмнө иргэдэд бүрэн мэдээлэл олгох, нөхөн төлбөрийг түргэн шуурхай шийдэх, эрүүл аюулгүй амьдрах эрхэнд нь халдахгүй байх хэрэгтэй. Итгэл даахуйц баталгаатай байж иргэдийг айдасгүйгээр асуудалд хандах нөөцийг бүрдүүлж ажиллах энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй юм.