Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.15 17:11
2625
Райли Кийёо:Хүүхэд байхаасаа л Элвисийн орон дээр ээжтэйгээ хамт зөндөө унтсан

Элвис Преслийн зээ охин Райли Кийёо хэдийгээр жүжигчнээр сурч амжилттай замнаж байгаа ч гэр бүл, гарал үүслийнх нь сүүдэр түүнээс яахан салах билээ. Тэрээр ээж Лиза Мари Пресли нь амьд ахуйдаа бичээд дуусгалгүй орхисон намтар номыг гүйцээж хэвлүүлсэн аж. Майкл Жексонтой ханилж явсан ээжийнх нь дуулиантай амьдрал, Райлигийн хар тамхинд донтсон үе, дүүгийнх нь амиа хорлолт, Пресли хэмээх нэрийн дарамт гээд бүхнийг энэ ярицлагадаа илэн далангүй ярилаа.

(Төгсгөлийн эхлэл. Жаахан охин Лиза Мари 1970 онд ээж, аав Присилла, Элвис Преслийн хамт Грейсландад. Энэ үед Элвисийн замнал уруудаж эхлээд байв. 70-аад оныхон өөр төрлийн хөгжмийн оддыг хүсэж эхэлж байсан үе. Рок-н-роллын хаан 1977 онд эмийн буруу хэрэглээний улмаас хорвоог орхижээ)

Канад офицерийн өргөмөл охин Присилла Бьюли 14 настай байхдаа Германд цэргийн алба хааж байсан 24 настай  Элвис Преслитэй танилцжээ. Присилла наснаасаа оворжуу харагдаж байсан ч Элвисийн хувьд өсвөр насны охин санагдаж байсан гэдэг. 

Элвис АНУ руу буцахад Присилла түүнийг дагаж ирээд Грейсландад суурьшлаа. Элвисийн суу алдар өсөхийн хэрээр сэтгэл зүйн дарамтад орж, нойрны эмийг хэдэн арваар нь ууж байж унтдаг болов. Присилла ч адилхан. Тэрээр унтах гэж, бас турах гэж баахан эм уудаг байж.   

Присиллаг 21 хүрэхэд тэд гэрлэж, 1968 онд охин Лиза Мари мэндэллээ. Энэ үеэс л харилцаа муудаж  тэд 1973 онд салжээ. Дөрвөн жилийн дараа Элвис Грейсланд эдлэнгийнхээ угаалгын өрөөнд амьсгал хураасан байхыг олсон билээ.

Үхлийн албан ёсны шалтгаан: зүрхний дутагдал. Албан бус шалтгаан: эмийн замбараагүй хэрэглээ. Тэрээр 42 настай байжээ. 

Энэ үеэр Преслийн гэр бүлийн дараагийн дууль эхэлсэн байв. Лас Вегаст The Jackson 5 мандаж, 16 настай Майкл Жексон онцгойрч байсан үе. Дараа нь өгүүлсэн түүхээр, эхний эгнээнд сууж байсан тун хөөрхөн охин ирээдүйн попын хааны нүдэнд сум шиг л тусчээ. Тэр охин нь зургаан настай Лиза Мари Пресли байсан аж. Тэд дахин таарах гэж нэлээн хэдэн жил өнгөрч. Тэр хооронд Лиза Мари хар тамхинд донтоод сургуулиа хаясан гэдэг. Дараа нь нэгэн шашны номлолд автаж явахдаа хөгжмийн ертөнцийн залуу Данни Кийёотой учирч, тэд 1988 онд гэрлэжээ. Тэрхүү гэрлэлтээс охин Райли, хүү Бенжамин мэндэлсэн ч энэ хүү нь 2020 онд амиа хорлосон юм. Хос 1994 онд салж, нэг сарын дараа Лиза Мари бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдаад байсан Майкл Жексонтой гэрлэжээ.

Попын түүхэн дахь хамгийн хачирхалтай гэрлэлт хоёр жил үргэлжлэв. Майкл Жексон хүүхэдтэй болохыг хүссэн ч Лиза Мари хүссэнгүй. Дараа нь Лиза Мари жүжигчин Николас Кэйжтэй ханилсан. Энэ харилцаа зуун өдөр үргэлжлээд дуусчээ. Дараа нь Лиза дахин гэрлэж (хөгжимчин Майкл Локвүдтэй) ихэр охинтой болсон юм. Тэд 2016 онд салжээ. 2023 оны нэгдүгээр сард Лиза Мари гэртээ ухаан алдсан байдалтай олдож, удалгүй нас барсан юм. Хоёр жилийн өмнө хийлгэсэн тураах мэс заслын улмаас гэдэсний түгжрэл болсон хэмээн эмнэлгийн дүгнэлт гарсан аж.

(Лиза Мари дөрвөн удаа гэрлэжээ. Майкл Жексон, Николас Кэйж хоёртой богинохон гэрлэсэн. Нөгөө хоёр нөхөр Данни Кийёо (жүжигчин), Майкл Локвүдээс дөрвөн хүүхэдтэй)

Түүний үхлийн дараа Преслийн өв хөрөнгө, Грейсландыг хэн залгамжилж авах вэ гэсэн тулаан өрнөлөө. Лиза Мари Грейсланд эдлэнг барьцаалан 3.8 сая доллар зээлсэн байв. Зээлдэгч этгээд мөнгөө олж авахын тулд эдлэнг дуудлага худалдаагаар зарах гэж оролджээ. Аль хэдийнэ нэрд гараад байсан Райли Кийёо барьцааны гэрээ хуурамч хэмээн заргалдаж шүүх дээр ялалт байгуулсан юм. Лиза Мари Преслийн үлдээсэн өв гэвэл, гараар бичиж дуусгаагүй орхисон намтар. Мөн аудио хэлбэрээр үлдээсэн намтар ч байсан. Охин Райли Кийёо энэ бүгдийг эмхэтгэж ном болгон хэвлүүлсэн юм.

Элвис Преслийн өв хөрөнгийг залгамжлагчийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Та ээж Лиза Мари Преслийн намтар номыг гүйцээж бичээд дуусгасан. Ээж тань нас барснаас хойшхи хэний ч мэдэхгүй түүхийг нэмж оруулсан биз?

-Номыг гүйцээж бичихэд сэтгэлийн долгис их байлаа. Би ээждээ амлачихсан байсан юм. Амлалтаа биелүүлэх нь миний үүрэг гэдгийг ойлгоод аудио бичлэгийг нь сонсоод эхлэхэд тун хэцүү байсан. Яриаг бичгээр буулгана гэдэг бас л амаргүй эд байна лээ. Тэгээд хэсэг завсарлаж байгаад өөрийгөө зоригжуулаад хийсэн.

-Ээжээсээ юуг шинээр олж нээв?

-Ямар ч шинэ зүйл нээгээгүй. Бараг бүгд мэддэг юм байсан. Гэхдээ Грейсландад өнгөрсөн ээжийнхээ зэрлэг, тэрслүү хүүхэд нас, мөн хайр дурлалын байнгын эрэл хайгуулын талаар илүү ихийг ойлгож суралцсан гэх үү дээ. Тэр бүр жаахан байхаасаа л гүн ганцаардлыг мэдэрч байсан нь харагддаг.

-Таны ээж аавтай чинь хамт Грейсланд эдлэнд амьдралынхаа хамгийн жаргалтай үеийг өнгөрөөсөн гэдэг. Лиза Мари Грейсланд эдлэнгийн гүнж байсан уу?

-Үнэхээр тийм. Тэр Грейсландын бяцхан хатан хаан байсан. Цаанаасаа л нэг нөлөөтэй, өөртөө маш итгэлтэй мөртлөө гүнзгий эргэлзэж буцдаг сонин ааш цогцолсон хүн байсан.

(Түгшээсэн харилцаа. 22 настай Элвис 15 настай Присиллатай. Тэд нэг жилийн өмнө сүй тавьсан байлаа. Нэр алдартаа мансуурсан Элвис түүнийг “төгс эхнэр” болгохоор тансаг эдлэндээ авчирчээ)

-Түүний хүслээр л эдлэнгийн ажилчдыг халчихдаг байсан гэж өвөө тань (Элвис) ярьсан байдаг. Тэр үнэн үү?

-Яг тийм. Миний ээж бүхнийг захирдаг, бүх заавар зөвлөгөөг өгдөг байсан. Бүр жаахан байхдаа эдлэнгийн хашааны гадаа шавсан Элвисийн шүтэн бишрэгчдээс “Аавтай хамт зураг авахуулж өгнө гээд хорин доллар хураадаг. Гэхдээ тэр мөнгөө хэзээ ч аавдаа өгч байгаагүй гэдэг. Өөрт нь их хөгжилтэй, тэрслүү санагддаг байсан биз.

-Элвис Пресли заримдаа уурлахаар ээж чинь айдаг, тэгээд Элвисийг юм хумаа шидэж дуустал нуугддаг байж. Та өвөөгийнхөө энэ талыг мэдэх үү?

-Тийм ээ, миний ээж тэр занг нь өвлөж авсан. Гэхдээ Элвис хэзээ ч догшин авир гаргаж байгаагүй. Мэдээж хааяа нэг уурлах юм байлгүй яахав.

-Элвис хавьгүй залуугаараа үхчих вий хэмээн ээж тань их санаа зовдог, бүр муу совин татаад, мэдэрдэг байсан юм уу?

-Ээж ер нь их зөн совинтой. Аав, охин хоёр их амь, аавынх нь бие, сэтгэл нэг л биш байгааг дор нь мэдчихдэг байсан. Элвис эм, тариа их хэрэглэж заримдаа алхаж чадахгүй, заримдаа бүр угаалгын өрөөнд ухаангүй ч юм шиг байхыг ээж хараад тэрхүү совин, айдас нь бүр нэмэгдсэн гэдэг.

-Таны ээж Лиза Мари эм, бэлдмэлийн хамааралтай болоход танд бас адил айдас төрсөн үү?

-Тийм ээ, гэхдээ намайг хүүхэд байхад биш, бүр том болсон хойно ийм айдас төрдөг байсан. Ээж маань донтолтын эсрэг их тэмцсэн. Дүү амиа хорлочихсон байсан болохоор ээж яах бол гэж бид бүгд их айна. Энэ бүгдийн дараа тэр дахин нөгөө л даруухан мөртлөө маш нөлөөтэй байдлаа эргүүлэн олж авч бүгдийг гайхашруулсан. Түүний сэтгэлийн хат үнэхээр гайхалтай. Тэр эмийн дон, хамаарлаас ангижирахад илбэ шид болсон юм шиг санагдаж байлаа. Тэрээр өвчин намдаагч, нойрсуулагч эмэнд бүр донтоод аймаар болчихсон байсан юм.

-Элвис байхгүй болсноос хойш дөрвөн жилийн дараа Лиза Мари хар тамхи хэрэглэх болсон. 13-хан настай байсан гээ биз дээ.

-Ойлгоход тун хэцүү ч анх мансууруулах бодис хэрэглэж үзэх нь донтолт биш гэж би боддог. Сониуч, тэрслүү зан. Хоосон оргиод байхаар сэтгэлээ дүүргэх гээд татаж үзсэн гэдэг.

-Нэг хэсэг бусдад огт итгэхээ больж, бүгд л нэр алдрыг нь ашиглах гэж байна гэдэг болсон байсан...

-Сэтгэлээр унах зүйл их байсаан. Хамгийн анх 14 настайдаа найз залуутай болсон. Нөгөө залуутайгаа цэцэрлэгт хүрээлэн ороод вандан дээр суугаад үнсэлцэж байтал нэг нөхөр нууцаар зургийг нь аваад шар хэвлэлүүдэд зарчихсан. Тэгээд л асуудал мандах нь ойлгомжтой. Хүмүүс ер нь түүнийг хүн гэдгээр нь ойлгож, хүлээж авдаггүй болохыг бүр тэр наснаасаа эхлээд ойлгочихсон. Том болох тусам бүр аймшигтай урвалт шарвалт гарч байсан.

-Танай ээж олны нүднээс зугтаж байсан ч гэнэт хамгийн том од Майкл Жексонтой гэрлэчихсэн...

-Тэр үед ч хүүхдийн гэнэн зан нь хэвээрээ байсан юм. Хэдийгээр хүчирхэг, нөлөөтэй эмэгтэй болсон байсан ч дотроо бол ихэд цайлган, гэнэн хүн байсан. Майкл Жексонтой ханилаад амьдрал нь хэрхэн өөрчлөгдөх, энэ хайрын холбоо ямар олон хүний анхаарлыг татах зэргийг огт бодоогүй. Тиймэрхүү зүйл огт боддоггүй төрлийн хүн байсан юм. Тэр зөвхөн хоорондын холбоо, хайр дурлалаа л бодож байсан.

(Хамгийн онцгой хос. Лиза Мари 1994 онд Майкл Жексонтой гэрлэлээ. Thriller-ийг зохиогч попын хаан бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдаад байсан үе)

-Лиза Мари, Майкл Жексон хоёр 1994 онд Доминиканд нууцаар хуримласан. Дэлхийн хамгийн алдартай хүн хойд эцэг чинь болох ямар байсан бэ?

-Бид түүнийг Мими гэж дууддаг байсан. Манай бяцхан дүү Майкл гэж хэлж чадахгүй байсан болохоор тэр. Майкл заримдаа биднийг сургуульд хүргэж өгнө. Заримдаа шимпанзе сармагчнаа машиндаа суулгаад биднийг хүргэж өгнө. Мими Neverland эдлэндээ бүхэл бүтэн амьтны хүрээлэнтэй, хэд хэдэн шимпанзе байсан.

-Майкл Жексонтой өнгөрөөсөн хамгийн том дурсамж гэвэл?

-Гайхалтай дурсамж олон бий, гэхдээ хамгийн том нь гэвэл, биднийг Лондоны долоон давхар тоглоомын газар Хамлид оруулаад түгжиж орхисон тэр өдөр. Тэр бол дэлхийн хамгийн эртний тоглоомын төв. Биднийг тэр дотор түгжээд, бид нар бүх давхар, бүх газраар нь орж тоглоод л... Мартагдашгүй гайхалтай дурсамж гэвэл тэр байна.

-Таны 17 насны төрсөн өдрөөр Led Zeppelin хамтлагийн дуучин Роберт Плант ирсэн дээ..

-Тийм ээ, үнэхээр гэнэтийн сонин болсон. Ээж маань санаачилж авчирсан. Намайг Led Zeppelin-ийг шүтдэг гэдгийг мэддэг байсан. Ээж хоол идье гээд дуудсан, яваад очтол Роберт Плант ирчихсэн байсан. Аав ээж хоёр, бас миний эмээ байсан. Би бүр алмайрсан. Led Zeppelin-ий шивээс дөнгөж хийлгэчихсэн байсныг ч хэлэх үү. Миний төрсөн өдрийн хамгийн том гэнэтийн сонин тэр байсан.

-Элвисийн шүтэн бишрэгчдийн эргэл мөргөлийн газар болсон Грейсландыг та өвлөж авсан. Тэгэхдээ тийшээ байнга очихгүй биз?

-Сүүлийн үед тэнд их очдог болсон, их сайхан, үргэлж таатай сэтгэл төрдөг газар. Ээжийг байхад бол байнга очдог байсан. Жаахан охин байхдаа ээжтэйгээ хамт нэг давхарт байх Элвисийн орон дээр унтдаг байлаа. Байж байгаад л гадаа хаалган дээр баахан жуулчид ирчихсэн байдаг, гарах гэхээр гарч болдоггүй байсан.

-Элвис нас барнаас хойш Грейсланд эдлэн олон нийтэд нээлттэй болсон. Гэхдээ дээд давхар нь одоо болтол хаалттай байдаг гэж үнэн үү?

-Тийм ээ, дээд давхарт хүн оруулдаггүй. Түүний номнууд нь хүртэл тавиур дээрээ хэвээрээ байгаа.

-Таны өвөө ямар ном унших дуртай байв?

-Өөртөө хэрхэн туслах тухай ном их бий. Мөн олон Библи байдаг. Рам Дасын Be here now гээл бясалгалын алдартай ном байсныг сайн санаж байна. Би тэр номыг уншсан. Тэр номноос ямар нэг гүнзгий утга санаа хайж байсан гэдэг нь харагддаг.

 -Та ээж, дүү Бенийгээ их ойрхон алдсан. Бен 27-хон насандаа амиа хорлочихсон.

-Аймшигтай байсан. Бен заримдаа их ууна, хэцүү цаг үе түүнд байсан. Эргээд зүгээр болчихно гэж л боддог байлаа. Би түүний сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж байгаагүй, согтуу байхдаа ч саруул, зүв зүгээр л байдаг байсан. Амиа хорлочих санаа, сэдэл огт харагдаагүй, хэлэхэд хэцүү юм. Тэр цагаас хойш миний санаа бодол ч өөрчлөгдсөн. Юм харагдаж байгаа шигээ байдаггүй юм байна.

(Лиза Мари хүү Бенжамин Кийёогийн хамт. Бенжамин 2020 оны долдугаар сарын 12-нд 27 насандаа амиа егүүтгэжээ. Лиза Мари хүүгийнхээ цогцсыг хөлдөөгөөд гэртээ хоёр сар хадгалжээ)

-Ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Хамгийн муухай зүйл шүү дээ, хүүхдээ алдана гэдэг. Тэр талаар бараг ярихгүй. Дүүг байхад ч амиа хорлож байгаа тухай кино үздэггүй байсан. Түүнд аймшигтай байсан.Лиза Мари хүүгийнхээ цогцсыг мөсөн дотор бараг хоёр сар хадгалсан гэдэг. Ганцаараа тайван уйлахын тулд тэгсэн гэж намтар ном дээр нь байна лээ.Эхэндээ их хэцүү байсаан. Бений бие цогцсыг хоёр сар гэртээ хадгалж, түүнд хүндэтгэл үзүүлж, гашуудал сахьсан юм.

                                                                                          П.Доминго

 

Эх сурвалж: XL Semanal