Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.18 08:26
1286
Украины арми Америкийн зэвсгээр ОХУ-д цохилт өгөх боломжтой болж байна

АНУ Украины армид урт тусгалтай пуужингаа хэрэглүүлэхгүй хэмээн хориг тавьж байсныг өчигдөр Ерөнхийлөгч Ж.Байден цуцлав. Ийнхүү Украины арми Америкийн зэвсгээр ОХУ-ын газар нутаг дээрх стратегийн байрлалд цохилт өгөх боломжтой болж байна гэсэн үг.  Вашингтон Украинд ийнхүү зөвшөөрөл өгсөн нь АНУ-ын бодлого, стратегид мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг илтгэж байна. Цаашлаад Орос-Украины дайнд ч томоохон эргэлт гарч магадгүй болов. 

Оростой хийж байгаа дайн Дональд Трампын тангараг өргөх ёслолоос өмнө дуусна гэдэгт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленски итгэж байгаагаа ярьжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Трампт баяр хүргэхдээ ихээхэн үр дүнтэй яриа өрнүүлсэн хэмээн онцлов. 
АНУ-ын лидер ямар нэг санал, шаардлагын талаар дурдаагүй ч Украины байр суурийн эсрэг нэг ч үг унагаагүй аж. Ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөж ажилдаа орох Д.Трамп дайныг зогсоох нь нэн тэргүүний зорилт, Украины дайнд цэрэг, зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа нь АНУ-ын нөөц, хөрөнгийг үрэн таран хийж буй хэрэг хэмээн нэг бус удаа мэдэгдээд байгаа. Гэхдээ энэ нь сонгуулийн өмнөх амлалт, “ялах тактик” байсан ч байж магадгүй хэмээн хэвлэлээр бичиж байна.   
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ оны эхээр Украинд зэр зэвсгийн тусламж хэмээн 61 тэрбум долларын багцыг баталсан юм. Оросын эзлэн түрэмгийллийг сөрөн зогсоход энэ тусламж зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. 
Украинд зэвсэг нийлүүлэгч хамгийн том улс нь яах аргагүй АНУ. 2022 оны хоёрдугаар сараас 2024 оны зургадугаар сар хүртэл 55 тэрбум долларын зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.
“Удахгүй Цагаан ордонд дахин эзэн суух Дональд Трампын засаг захиргааны бодлого хэрэгжиж эхлэхээс өмнө дайн дуусна гэдэгт итгэлтэй байна. Яриа хэлэлцээний арга замаар бүх зүйл шийдэгдэх боломж байгаа. Яг байлдааны талбар дээр нөхцөл байдал хүнд байгаа, оросууд давшсан байдалтай байна” хэмээн Украины лидер онцоллоо. 
Трамп, Зеленски хоёрын харилцаа аль эртнээс дэгэн догонтой явж иржээ. Зеленскиийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений гэр бүлийн талаарх ноцтой, сөрөг мэдээллийг ил болго хэмээн шахалт үзүүлснийхээ төлөө Д.Трамп 2019 онд шүүхэд дуудагдаж байв. Энэ болон өөр асуудлаар ихээхэн санал зөрөлдөж ирсэн ч тэдний харилцаа тун сайн байгаа хэмээн Трамп мэдэгдэж байна. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт уулзсан. Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр “Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана” хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа. Гэвч яаж гэдгээ одоо болтол ил тод ярьсангүй. АНУ-ын Ардчилсан намынхан Трампыг Оросын лидер В.Путинд ая тал засдаг, дайныг зогсооно гэдэг нь Украиныг бууж өгүүлж, Европыг аюулд оруулна гэсэн үг хэмээн шүүмжилж байна.