Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.19 08:59
2214
Украины армид алсын тусгалтай пуужингаа хэрэглүүлэхийг зөвшөөрсөнд ОХУ хилэгнэж байна

“Халаагаа өгч байгаа Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа ихээхэн өдөөн хатгасан, тооцоогүй шийдвэр гаргалаа” хэмээн ОХУ-ын Засгийн газрын мэдлийн веб сайтад онцолжээ. Кремлийн талыг баримтлагч Либерал ардчилсан намын улстөрч Владимир Жабаров “Нөхцөл байдал улам хурцдахаар болчихлоо. Дэлхийн гуравдугаар дайн ч өдөөгдөж магадгүй” хэмээн өгүүлэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Байден дайны гал дээр тос асгалаа” гэжээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Вашингтоны шийдвэрийн хариуд хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэхдээ, АНУ Украинд алсын тусгалтай пуужингаа хэрэглүүлбэл энэ дайнд НАТО шууд оролцож байна гэж үзнэ гэсэн юм. Кремлийн тэргүүний дараагийн алхам үргэлж таамаглашгүй байдаг. 
Өнгөрсөн зургадугаар сард болсон нэгэн уулзалт дээр сэтгүүлчид В.Путинаас дараах зүйлийг асууж хариулт авч байв.

Украин улс Европоос нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын газар нутгийг довтолбол яах вэ?
Юуны түрүүнд бид эхлээд агаараас эсэргүүцэн хамгаалах системээ дахин сайжруулна. Бид тэдний харвасан пуужинг замын дундаас тосож устгана. Хоёрдугаарт, биднийг довтлохоор фронт дээр, дайны бүсэд ийм зэвсэг авчирч асуудал үүсгэвэл бид яагаад адилхан зэвсгээ авчирч болохгүй билээ. Оросын эсрэг ийм зүйл хийж байгаа улсуудын эмзэг цэгт цохилт өгөх болно.L