Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.19 12:48
727
БНСУ-д төрсний дараа сар бүр 1.7 сая төгрөг олгодог бол Монголд 50 мянган төгрөг чулууддаг

Дэлхий даяар төрөлтийн тоо хэмжээ буурсаар байна. Энэ нь манай улсад ч хамааралтай.

Төрөлт буурсан статистик үзүүлэлтийг танилцуулбал, 2021 онд 54.896, 2022 онд 48.084, 2023 онд 49.033, 2024 онд 43.428 болжээ.

Үүнийг даган ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй. Гэхдээ ажиллах хүчний хомсдол аль хэдийн нүүрлээд байгаа. Залуусын хувьд эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөж, сурч боловсрохоос илүү гадны орныг зорих нь элбэгшсэн. Мөн үүнийгээ дагаад гадны оронд суурьшиж үлдсээр байгаа юм. 

Одоогийн ажиллах хүчний хомсдолыг 1990 оны шилжилтийн үетэй холбон тайлбарлаж болох юм. Тухайн үед иргэд амьдралын хүнд хэцүү байдлаас үүдэн ганзагын наймаанд ихээр явах болсон. Тиймээс тухайн үед төрөлт багасаж  одоогийн ажиллах хүчний хомсдолд нөлөө үзүүлж байгаа гэдгийг эрдэмтдийн зүгээс хэлж  байна. 

Мөн төрөлт буурснаар урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт орохоос гадна ажиллах хүчний хомсдолоос эхлээд, эдийн засаг болон нийгэмд олон асуудал үүсэхийг судлаачдын зүгээс анхааруулж байна. Ингэснээр эдийн засагт ч хүндрэл учрах юм. 

Хамгийн ойрын жишээ манай урд хөршид ч төрөлт буурчээ. 2023 онд 2.08 саяар буурсан нь олон асуудал, түгшүүр дагуулж байна. Тодруулбал,  Хятадын эдийн засгийн хөгжлийн гол хүч болж байсан ажиллах хүчин өнөөдөр хөгширч тэтгэвэртээ гарч байгаа нь түгшүүр дагуулсаар байна.

Өөрөөр хэлбэл, 2035 он гэхэд тэтгэврийн насны иргэдийн тоо 60 хувиар нэмэгдэж 400 саяд хүрэхээр байна.

Харин төрөлтийг дэмжихийн тулд БНСУ-ын Засгийн газар 2022 оноос  хүүхэд төрүүлсэн эмэгтэйд нэг удаа 2 сая вон буюу 4.9 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг. Мөн хүүхдийг нь нэг нас хүртэл сар бүр 700 мянган вон буюу 1.7 сая төгрөг, хоёр нас хүртэл сар бүр 350 мянган вон буюу 861 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Мөн Япон улс хоёр нас хүртэл сар бүр 15 мянган иен буюу 327 мянган төгрөг, гурван наснаас хойш сар бүр 10 мянган иен буюу монгол мөнгөөр 218 мянган төгрөг өгөх бодлого хэрэгжүүлж байна.

Харин манай улсын хувьд хүүхдийн 100 мянган төгрөг, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн 50 мянган төгрөг, эхийн алдар одон гэж жилдээ 100 мянган төгрөг өгдөг.Гэвч цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр 1 уут живх ч авч хүрдэггүй.

Үүнээс харахад хүүхдийн тоглоомын талбайгүй, хүүхэд өвдлөө гэхэд эмнэлэг нь хүртээмжгүй, сурч боловсрох орчингүй , хүүхдийн төлөө бодитой юу ч хийдэггүй улсад төрөлт багасах нь гайхаад байх зүйл биш гэлтэй. Тиймээс төр засгийн зүгээс хүүхдэд, ээжүүдэд, төрөлтөд анхаарсан бодит дэмжлэг хэрэгтэй байна.