Намрын адаг, өвлийн эхэн сараас эхлүүлээд хоолой сэрвэгэнүүлсэн хар утаатайгаа уулзан золгосоор идэр есийн хүйтэнд өмнөх хүнээ харахгүй хэмжээнд хүрдэг утаат нийслэл маань агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүн эгнээнд залрах болоод он удаан жилийг үдэж буй. Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа талаар Хүний эрхийн Үндэсний комиссын 2024 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн үеэр дурдагдсан юм.
Манай иргэд ч амар амгалангийн тууль. Өвлийн улиралдаа ид шуугьж, ам уралдан сошиалаар харааж зүхэх ч урин дулаантай золгоод мартчихдаг урт насгүй тэмцлийг хийж, улсын” удирдаачид” нь ч улгүй шийдлээр өвөл бүрийг давсаар ирсний гор.
Тэгвэл манай мөнхийн хөрш Хятад улсад л гэхэд арав хүрэхгүй жилийн өмнө агаарын бохирдлын улмаас жилд 500 мянга гаруй хүн амиа алддаг гэх судалгаа гарч байв. 2014 онд Ханжоу хотод болсон G20 дээд хэмжээний уулзалтын хүндэт зочдыг угтахын тулд үйлдвэрүүдээ 14 хоногийн турш хааж ч байсан гашуун түүхээ тэд хэдийнээ ардаа үлдээж утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ дэлхийн үлгэр жишээ улсуудын нэг болоод буй.
Савласан агаар худалдан авах хэмжээнд хүрээд байсан Хятад улс агаарын бохирдлын эсрэг дайн зарлахдаа агаарын бохирдлын тусгай цагдаагийн эргүүлийг гаргахаас эхлүүлээд, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, цаашлаад дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг барьж, цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэх мэтээр эрс шийдэмгий, алсын хараатай олон арга хэмжээ авсны ачаар дэлхийн хамгийн агаарын бохирдолтой 10 хотын тооноос гарч чадсан.
Манай улсын хувьд 2007 оноос эхлүүлэн утаатай тэмцэх “дайн” өрнөж эхэлсэн гэхээр 17 настай хүүхэдтэй дүйцүүлбэл ирэх жил эрийн цээнд хүрэх нь. Энэ хугацаанд халагламаар нь хэдэн их наядаар нь зарцуулсан ч аюулын харангыг улам л давшуулсаар, урагшлан байраа ахиулсаар улсаараа угаартах дээрээ тулаад байна.
Одоо л бид урд хөршөөсөө “хуулж” утааны эсрэг томоохон шийдэл гаргахгүй бол эгээ л Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараах Зөвлөлт холбоот улсын дайтай нөхцөлд хүрэхэд хэдхэн алхмын зайтай буйг энд сануулах нь бараг илүүц. Харин утаанаас салахад улс төрийн зориг, улс төрчдийн манлайлал дутагдаж буйг сануулъя!