Санхүүгийн салбарын тулгуур баганын нэг болох даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн тэгш ой энэ жил тохиож байна. Мөн Засгийн газрын 398 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг “Даатгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу удахгүй болох даатгалын салбарынхны баярын өдрийг угтан салбарын өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилт, цаашдын чиг хандлагын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуунтай ярилцлаа.
-Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Иймд даатгалын салбарын үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө, Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой, даатгалын өдрийг тохиолдуулан салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, мэргэжлийн холбоод, даатгуулагч иргэд, байгууллага Та бүхэндээ ойн баярын мэндийг дэвшүүлье. Анх 1934 онд тухайн үеийн төр засгаас нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдцыг дэмжих, гамшиг ослыг даван гэтлэх сан хөрөнгийг хамтын хүчээр төвлөрүүлэх, тохиолдож болох эрсдэлээс хамгаалах зорилгоор “Улсын аюулаас хамгаалах газар” нэртэйгээр анхны даатгалын байгууллагын суурийг тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш даатгалын салбарын оролцогчид маань 90 жилийн баялаг түүхийг бүтээсэн байна.
Өнгөрсөн он жилүүдэд бид бүхэн хамтдаа дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, олон улсын зах зээл дээр борлуулдаг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо нутагшуулсны үр дүнд өдгөө аливаа эрсдэлийг хуваалцдаг, хурдацтай хөгжлийг дэмжиж чаддаг, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн санхүүгийн нэгэн чухал салбар болон хөгжиж чадсан гэдгийг хэлэхэд таатай байна.
Өнөөдрийн байдлаар, даатгалын салбарт 19 даатгалын компани тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 16 ердийн даатгал, 2 урт хугацааны даатгал, 1 давхар даатгалын компани байна. Үүнээс гадна, 60 даатгалын зуучлагч, 29 даатгалын хохирол үнэлэгч болон 2500 орчим даатгалын төлөөлөгчид тус тус үйл ажиллагаа эрхлэн явуулж, жилд дунджаар нэг сая орчим даатгуулагчийн эрсдэлийг хүлээн авч, дотоод болон гадаадын зах зээлд тархаан байршуулж хохирлын нөхөн төлбөрийг олгож ажиллаж байна.
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн дүн 616.6 тэрбум төгрөг байгаа бөгөөд 10 жилийн өмнөх буюу 2014 оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн даатгалын салбарын гол үзүүлэлтүүдийг 2014 оны мөн үетэй харьцуулахад даатгалын хураамжийн орлого 3.9 дахин өсөж 226.1 тэрбум төгрөг, даатгалын нөхөн төлбөр 4.5 дахин өсөж 70 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.
-Даатгалын салбарын хөгжлийг олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд салбарын нийт хөрөнгийн хэмжээ болоод даатгалын хураамжийн хэмжээ жил бүр тогтмол хувиар өсөж, даатгалын зах зээл эрчимтэй хөгжиж, малчин айл өрхийг ядуурлаас хамгаалах хүрээнд малыг ган зудын аюулаас даатгах, зам тээврийн ослын хохирлыг бууруулах, ипотекийн зээлдэгчдийг эрсдэлээс хамгаалах зэргээр салбарын нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ, гүйцэтгэх үүрэг, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Гэхдээ, салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бүтэц, төвлөрлийн хувьд дүгнэвэл ердийн даатгал давамгайлсан буюу нийт хураамжийн орлогын 99.0 хувийг ердийн даатгалын хураамж эзэлж байгаа бол урт хугацааны даатгалын хувьд ердөө 1.0 хувийг эзэлж байна.
Түүнчлэн салбарын хөгжлийн голлох үзүүлэлтүүд болох даатгалын гүнзгийрэлт буюу ДНБ-д даатгалын хураамжийн орлогын эзлэх хувь 0.58 байгаа нь дэлхийн дунджаас даруй 11-12 дахин бага, нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ буюу даатгалын нягтрал 113,377.4 /33.5 ам.доллар/ төгрөг байгаа нь дэлхийн дунджаас даруй 20-30 дахин бага байна.
Эдгээр үзүүлэлтүүдээс харахад манай улсын даатгалын салбарын хөгжил хангалттай бус байгаа гэж хэлж болох ч нөгөө талаасаа салбарт маань цаашид энэ хэмжээгээр хөгжих боломж, бололцоо бий гэж дүгнэж болно.
Ийм ч учраас, Санхүүгийн зохицуулах хороо даатгалын салбарын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын даатгалын зах зээлийн чиг хандлага, хөгжилд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан техник, технологийн хувьсгалд нийцүүлж хөгжүүлэх, олон тулгуурт салбарыг бий болгох, эрсдэлийн удирдлагын тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэлээр бодлогын шийдвэрүүдийг гаргаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна.
Өнгөрсөн 90 жилийн хугацаанд даатгалын салбар нэлээдгүй өсөлтийг үзүүлсэн ч цаашид улам илүү хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломж байна гэлээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар олон улсын даатгалын зах зээлийн хөгжлийн чиг хандлага ер нь хаашаа чиглэж байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас хойш бүхий л бизнесийн үйл ажиллагаанд цахим техник, технологи хурдацтай нэвтэрч байна. Үүнийг дагаад олон улсын санхүүгийн салбарт технологийн дэвшлийг ашигласан бүтээгдэхүүн, үйлчилгээ ихээр нэмэгдсэн бөгөөд даатгалын салбарт эдгээр дэвшилтэд технологиуд хамгийн ихээр нэвтэрч байгаа салбарын нэг болж байна. Даатгалын компаниуд даатгалын бүтээгдэхүүний загварыг боловсруулах, үнэ тогтоох, маркетинг борлуулалтын үйл ажиллагаа, даатгалын гэрээ байгуулах, нөхөн төлбөр олгохоос эхлээд даатгуулагчаа халамжлах үйл ажиллагаа гээд бүхий л шат дамжлагад технологийн дэвшлийг ашиглах хандлага бий болоод байна.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг, улс төрийн орчинд тулгараад буй асуудлууд нь бусад салбарын нэгэн адил даатгалын салбарт ч мөн шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Тухайлбал, цар тахал, цаг уурын дулаарал болон улс төр, геополитикийн асуудлууд нь эрүүл мэнд, аялал жуулчлал, агаар, усан замын тээвэр, ачаа эргэлт, кибер аюулгүй байдлын даатгалуудад ихээхэн хүчтэй нөлөөллийг үзүүлж байгаа. Мөн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн даатгалын нийт хураамжийн орлого буурах, эсрэгээрээ даатгалын нөхөн төлбөр өсөх, даатгалын салбарын бизнес загвар тэр чигээрээ өөрчлөгдөх шаардлага үүссэн гээд нэлээдгүй сорил бэрхшээлтэй нүүр тулсан жилүүд өнгөрч байна.
Энэ мэтчилэн цар тахал, цаг уурын өөрчлөлт, геополитикийн асуудал, технологийн эрс шинэчлэл гээд даатгалын салбарын хөгжил, чиг хандлагад нөлөөлөх асуудлуудаас улбаалаад сүүлийн жилүүдэд даатгалын салбарт цаг үедээ нийцсэн, уян хатан зохицуулалтын орчныг бүрдүүлэх шаардлагууд бүх л улсын хувьд бий болоод байна.
Манай улсын даатгалын салбар энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа юу? Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо даатгалын салбарын зохицуулагч байгууллагын хувьд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
Даатгал нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд эрсдэлийг нь бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, Засгийн газрын хувьд төсвийн ачааллыг бууруулах, сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулах замаар улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлж байдаг чухал салбар юм. Өөрөөр хэлбэл, даатгалын салбар нь нийгэм эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байдаг, нийгэм, эдийн засгийн дархлаа болсон салбар гэж хэлж болно.
Цаашид даатгалын салбарын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжсэн, цаг үед нийцсэн, уян хатан, салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, зохицуулалтын орчныг олон улсын чиг хандлагад нийцүүлэн бий болгох зайлшгүй шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, бодлого зохицуулалтын хувьд бүхий л хэлбэрээр салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна. Үүний үр дүнд олон улсын даатгалын зах зээл дээр борлуулдаг, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, үүнийг дагаад ноу хау, мэдлэгийн урсгал нэмэгдэж, салбарын оролцогчид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байгаа.
Эдгээр дурдсан нөхцөл байдал, өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор даатгалын салбарын хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, салбарыг хөгжлийг дэмжих зорилгоор Сангийн яамтай хамтран даатгалын салбарт мөрдөгдөж буй гол хуулиуд болох Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай болон Жолоочийн даатгалын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байна.
Мөн УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд даатгагчийн баталгаа гаргах хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд худалдан авах ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах, худалдан авах ажиллагаанд шаардлагатай баталгааг олон эх үүсвэрээр гаргуулах, санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй, түргэн шуурхай арга хэлбэрээр шийдвэрлүүлэх, цаашилбал иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг үзүүлэхийн зэрэгцээ даатгалын компаниудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжих нэг боломж бүрдсэн.
Түүнчлэн, сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага гээд бүхий л хүрээнд учирч буй эрсдэлд асар их өөрчлөлт гарч байна. Иймээс салбар бүрийн хувьд ирээдүйд учирч болох эрсдэлээ шилжүүлэх, санхүүгийн хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлдэг болсон. Үүнд даатгалыг нэн тэргүүнд сонгож байгаа нь дотоодын даатгалын эрэлт, хэрэгцээ хурдацтай өсөж байгааг илтгэнэ. Харин энэ их эрэлт, хэрэгцээг хангах, эрсдэлийг хүлээж авч чадах даатгалын салбарын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн талаар дурдах нь зүйтэй байх.
Салбарын хөгжлийг дэмжихэд мэдээж хууль эрх зүйн орчны шинэчлэлт чухал нөлөөтэй. Даатгалын багц хуулийн төсөлд орж буй гол томоохон өөрчлөлтүүдээс дурдвал...?
Даатгалын салбарын багц хуулийн шинэчлэлээр нэлээд хэд хэдэн бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг бий болгохоор Хорооноос зорьж байгаа. Тухайлбал, бүхий л бизнесийн салбарт хүч түрэн орж ирж байгаа цахим шилжилт, дэвшилтэт техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, амьдралын даатгалыг дэмжих замаар даатгалын зах зээлийн бүтцийг засах, давхар даатгал болон даатгалын эрсдэл шилжүүлэх арга хэрэгслийг хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон заавал даатгалын эрх зүйн орчныг сайжруулж, нэгдсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр зохицуулалтын орчныг бий болгохоор ажилласан.
Тухайлбал, манай улсын 20 орчим хууль тогтоомжид тодорхой салбаруудын хувьд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн ачааллыг бууруулах зорилгоор тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хариуцлага алдагдахаас үүдэлтэй бий болж болзошгүй эрсдэлийг заавал даатгуулахаар зохицуулсан хэдий ч хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа юм. Иймд тухайн салбаруудын эрсдэлийн удирдлагыг сайжруулах, түүнд тохирсон даатгалын болоод хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан бөгөөд үүний үр дүнд даатгалаар дамжуулан төрийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал буурах боломж бүрдэнэ.
Багц хуулийн шинэчлэлт хийгдсэнээр эрсдэлийн удирдлагын тогтолцоо боловсронгуй болох, дотоодын даатгагч нарын чадавх нэмэгдэх, даатгалын зах зээлийн бүтэц тэнцвэржих зэрэг эерэг нөлөөг үзүүлэхээс гадна, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн ачааллыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эрсдэлийг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг нийгэм эдийн засгийн нөлөө бүхий томоохон салбар болно гэсэн хүлээлттэй байна.
Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
Баярлалаа. Нийгэм эдийн засгийн дархлаа болоод санхүүгийн гол тулгуур баганын нэг болох даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн энэхүү түүхт ойг бид бүхэн дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхсан, олон улсын зах зээл дээр борлуулдаг даатгалын олон бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо нутагшуулсан, салбарын голлох үзүүлэлт тогтмол өссөн зэрэг олон олон амжилтаар угтаж байна.
Гэсэн хэдий ч, цаашид бидэнд даатгалын салбарын нийгэм эдийн засгийн эерэг нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарыг өсөлтийг хурдасгах хэрэгцээ шаардлага байсаар байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хороо түүхт ойг угтан “Даатгалын өдөр”-ийг тохиолдуулан даатгалын салбарын бодлого тодорхойлогч, зохицуулагч байгууллага, даатгагч нарын хөрөнгө оруулагч, ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон салбарын нийт мэргэжлийн оролцогч нарыг хамруулсан “Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа” сэдэвт форумыг зохион байгуулахаар даатгалын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэхүү форум нь салбарын нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх, алдаа оноо, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлгээс гарсан үр дүнд үндэслэн зохицуулалтын болон зах зээлийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох зорилготой юм.
Эцэст нь, зах зээлийн хөгжлийг тэтгэсэн бодлогын зөв шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг хангах замаар даатгалын салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэхэд салбарын нийт оролцогчдын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон дурдахын зэрэгцээ салбарын нийт оролцогчиддоо баярын мэндийг дахин хүргэж байна.