Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.19 18:08
6262
Б.Цогтгэрэл: Миний дүүгийн нэр дээрх 15 машин дунд "олигтой" юм байхгүй

Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоогийн дүү Б.Төгсбаярын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, Гаалийн улсын ахлах байцаагчаар ажилладаг түүний орлого 2020 онд 12.5 сая байсан бол 2023 онд 105.8 сая болж өссөн бөгөөд гэр бүлийн орлого нь 2020 онд 8.8 сая байсан бол 2023 онд 1 тэрбум 102 сая 705 мянга болж их хэмжээгээр хөлжжээ.

Мөн 2020 онд 15 саяын үнэ бүхий приус машин эзэмшдэг байгаад 2022 онд даруй 733.5 саяар үнэлэгдэх 24 машин эзэмшиж эхэлсэн байгаа юм. Харин 2023 онд энэ тоо буурч 15 машин болсон байна. Үүнээс гадна 907 саяын үнэлгээтэй гурван орон сууцтай, 205 саяын үнэлгээтэй таван хурдан удмын адуу, 50 үхэртэй гэж АТГ-т мэдүүлжээ.

Тэгвэл Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан түүний ах Б.Цогтгэрэл өөрийн төрсөн дүүдээ давуу эрх олгосон байж болзошгүй гэх хардлагын хүрээнд түүнээс тодруулахад зохион байгуулалттай улс төрийн явуулга гэх тайлбар өглөө.

Тэрээр, "Үүсээд байгаа асуудал бол миний дүүгийн ажлыг авах гэсэн улс төрийн зорилготой явуулга. Тэр олон гээд байгаа машинуудын тухайд марк 2, патрол гэх мэт л юмнууд байгаа.

Азын дугаар зардаг гэх асуудал дээр бол манай дүүгийн нөхөр автомашины дугаар зардаг бизнес эрхэлдэг. Хууль ёсны бөгөөд улсын дугаарыг худалдах, бэлэглэх, барьцаалах замаар бусдад шилжүүлэх эрх нээлттэй байдаг гэдгийг хэлье.

Миний хувьд Зам тээврийн дэд сайдын ажлаа 2018 онд хүлээлгэж өгсөн. Харин шилэн данстай холбоотойгоор олон дарга нар надад өсөрхөж буйтай холбоотойгоор миний эсрэг хийж байгаа улс төрийн явуулга ч гэж харж байгаа. Сүүлд гэхэд л би Боловсролын яамны 160 сая төгрөгийн тендерийн асуудлыг хөндсөн" гэлээ.

Ямартай ч гаалийн улсын ахлах байцаагчаар ажилладаг Б.Төгсбаяр гэгчийн хөрөнгө, орлого хоёр, гуравхан жилийн хугацаанд их хэмжээгээр өөрчлөлт орсон нь хуулийн хүрээнд үү, эс бөгөөс албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон гэр бүлдээ давуу байдал олгосон уу гэдэг нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, үнэн зөв нь шийдэгдэх биз ээ.