Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.11.20 11:07
1818
Россано Ферретти: 15 жилийн өмнө Нью-Йоркт байхад миний засалт 1.500 долларын ханштай байлаа

Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн шилдэг үсчин хэмээн өргөмжлөгдсөн Россано Ферретти. Итали эр үс засаж хэрэн хэсэж явсаар Монакод ирж суурьшаад үсчний газраа нээж баячууд, томчуудын үсийг засах болсон юм. Рийс Витерспун, Дакота Жонсон, Женнифер Лоуренс, Кейт Мидлтон тэргүүтэй одод Россаног зорьж ирдэг. Бали, Мальдив, Абу Даби, Парис, Нью-Йорк гээд түүний 20 орчим үсний салон дэлхий даяар бий. Зөвхөн дээд зэрэглэлийн зочид буудалд салбараа нээдэг. Шинэ салбар Испанийн Мадрид хотын Four Seasons зочид буудалд нээгдэх үеэр El Pais сонины сурвалжлагч уулзжээ.

-Нэр алдартай хүний үсийг засахдаа юуг илүү чухалчилдаг вэ?

-Нухацтай хандахыг чухалчилна. Нэр алдартай байна уу, надад нэг их хамаагүй. Ингэж ханддаг нь миний хүч, нөлөө юм. Үс нь ямар байгааг, нүүр царайтай нь яаж зохицож байгааг би шулуухан хэлдэг. Тэрнээс “Та хөөрхөн байна, муухай байна” гэж хэлдэггүй. Муухай хувцас өмсөж ирсэн бол сайхан хувцаслаж гэж хэлэхгүй. Үс нь надад үзлийн муухай санагдсан бол тэрийг нь хэлчихдэг. Үс засахад үнэн хамгийн чухал.

-Бид үнэнийг хайж ирэхдээ үсчин дээр ирдэг гэсэн үг үү?

-Чи үнэнээ хүлээхгүй бол, нүцгэлэхгүй бол үнэнийг олж харахгүй. Үнэн чамаас өөр байдаг. Үсчин бол чиний сэтгэл зүйч. Кино болчихоор хэтэрхий олон зүйлийг би мэднэ. Заримдаа үйлчлүүлэгч нар маань миний өмнө уйлж хайлдаг. Нэр алдартай хүмүүс, энгийн, ямар ч эмэгтэйчүүд гээд үсээ засуулж байхдаа уйлж сэтгэлээ дэлгэх тохиолдол байдаг.

-Та удам дамжсан үсчин биз?

-Өвөө маань төрөлх Ламбретта хотдоо захиалгаар, хаягаар үс засдаг хүн байсан. Ээж төрөлх Кампежине тосгондоо үсчний газартай байсан. Би уран барилгын мэргэжилтэй болохыг хүсэж байлаа. 15 настай байхдаа дискотект орох гэж анхны зургаа багшдаа 100 лирээр зарж явлаа. Би залхуурч тэг дундуур нь явахыг хүсдэггүй, надад гайхалтай санагдсан зүйл рүү үргэлж тэмүүлж байдаг хүн. Лондоны Vidal Sasson салонд хэсэг ажиллахад тэд надтай гэрээ байгуулж авч үлдэхийг оролдсон. Гэвч би дэлхийгээр хэрэн тэнэхийг хүссэн юм. 19 настайдаа моодны үзүүлбэр дээр анх удаа үсчнээр ажиллаж, дараа нь Парис яваад тэгээд Лондонд буцаад ирсэн. Өөрийгөө л бойжуулж, боловсруулж явж. Тэр үед интернэт байсангүй, бүгдийг явж, аялж, барьж, хайчилж үзэж байж сурсан.

-Нэр алдартай хүмүүс таныг зорьж ирдэгийн нууц юу вэ?

-Төрөлхийн онцлогтой нь, хөдөлгөөн, алхаа гишгээтэй нь зохицуулж үсийг нь засдаг. Зүгээр тэгш, дөрвөлжин хайчлах асуудал биш. Миний засалтын үр дүн хэдэн сар хадгалагддаг, долоо хонох бүрт илүү гоё болдог. Өнөөдөр ийм засалтыг үл үзэгдэгч хайч гэж нэрлэж байгаа. Үс засуулахад үс хүрч байгаа нь мэдэгдэхгүй. Өнөөдөр бүгд л энэ засалтыг хуулбарлах гэж оролдож байгаа ч хэн ч ингэж засаж чадаагүй байна.

-Таны өвөө үсчин, ээж тань үсчин. Та ч бас үсчин байхаар заяагдсан хүн үү?

-Азтай л хүн. Миний багш нар бол миний үйлчлүүлэгчид. 18 настай эмэгтэй 50 настай эрэгтэй хүний ойлгож мэдсэн зүйлийг аль хэдийнэ мэддэг болчихсон. Зөн, хүч, зовлон, мэдрэмж гээд...

-Та ээжээсээ үсчний мэргэжлийн хувиар юу сурсан бэ?

-90-ээд онд Пармад анхны үсчний газраа нээхдээ ээжийг ирж манай үсчдэд юм зааж өгөөрэй гэсэн юм. Учир нь ээж шиг үс сайн буддаг хүн тэр үед байгаагүй. Ээж таван сар ажиллаад есөн кг турчихсан. Тэгээд ээж надад хэлсэн л дээ “Чамтай хамт ажиллах хамгийн аймшигтай байлаа. Хүмүүс чамайг яаж тэвчдэг юм. Би энд чинь сууж ч, юм идэж ч чадахгүй юм” гэж. Миний амьдралд олон зарчим бий, ээжид хүртэл хамаатай. Хүмүүстэй хэрхэн зөв харьцахыг ээжээсээ сурсан даа.

-Таныг олон юмны анхдагч гэдэг...?

-Сүүлийн 30 жилд үсний ертөнцөд их өөрчлөлт гарлаа. Би 30 настай байхдаа үл үзэгдэгч засалтыг санаачилсан. 40 хүрээд тансаг зэрэглэлийн үсчний газар нээсэн. 90-ээд оны сүүлчээр Мадридад ирэхэд агааржуулагчтай, автомашины зогсоолтой, ганц кофе өгчихдөг үсчин байхгүй байлаа шүү дээ. Би L'Oréal болон Wella-гийн цорын ганц элч төлөөлөгч болж явлаа. Дэлхий даяар үсний шинэ засалт, шинэ хэв маяг гэж ярьж байхад би хүний царай төрх, алхаа гишгээнд тааруулан засдаг ганц үсчин байлаа. Би бол үсний ертөнцийн муу хүн, жирийн үсчин биш.

-Та одоо хэний үсийг засдаг вэ?

-Мэргэжлийн хувиар үс засахаа больсон. Ач охиныхоо, гэргий Стефанийнхаа үсийг бол засчихдаг. 15 жилийн өмнө Нью-Йоркт байхад миний засалтын ханш 1.500 доллараар тогтож байлаа.

-Үсээ засуулснаар сэтгэл санаа сэргэх үү?

-Сэтгэл санаа сэргэнэ, цоглог болно. Эмэгтэй хүн асуудалд ороод ирэхээрээ яадаг гээч? Үсний засалт, өнгөө өөрчилдөг. Хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй болдог, үсчинтэйгээ ярилцдаг. Бидэн дээр ирж байгаа хүмүүс үсчингээс гадна сэтгэл зүйч, эстилистэд мөнгө төлж байна гэсэн үг. Найз болсны төлөө, заримдаа амраг болсны төлөө ч мөнгө төлж байна гэсэн үг.

-Муу үйлчлүүлэгч гэж байдаг уу?

-Байхгүй. Муу үсчин гэж бий. Сайн үсчин таныг хэдэн насаар залуу харагдуулж чадна.

-Та дэлхийн шилдэг үсчин мөн үү?

-Гучин жил намайг ингэж ярилаа. Хоёр, гурван жил ингэж ярихад тэгж боддоггүй байлаа. Харин 30 жил ингэж ярьсны дараа өөрийгөө шилдэг юм байна гэж бодох болсон.