Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Хүүхдийн өдрөөр хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгаа, хэрхэн хамгаалах талаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс тодрууллаа.
- Хүүхдийн 108 утсанд он гарснаас хойш хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар нийт 88064 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зорилтот дуудлага 56800 зорилтот бус дуудлага 31264 тус тус бүртгэгдсэн.
- Өдөрт хэдэн дуудлага ирдэг вэ?
Өдөрт 250-400 дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Нийт хүүхэд хамгааллын 11364 дуудлага ирсэн. Үүнээс бие махбодын-3182, сэтгэл санааны хүчирхийлэл-2549, үл хайхрах хүчирхийлэл-3079, бэлгийн хүчирхийлэл-311 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Нийт 4854 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс:
-Гэр бүлийн харилцаа-1493
-Үе тэнгийн харилцаа-884
-Хууль эрх зүй-949 дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагын асуудал нь эцэг эх хүүхдээ үл хайхарсан, бие махбод сэтгэл санааны хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгддэг, боловсролын орчинд хүүхдийн үе тэнгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой мэдээлэл ихээхэн бүртгэгдэж байна.
- Ирж байгаа дуудлагуудын дийлэнх нь ямар асуудал байна вэ?
Цахим дарамттай холбоотой олон нийтийн сүлжээнд нэгнийгээ дарамтлах насанд хүрээгүй хүүхдийг уруу татах зураг бичлэгээр айлган сүрдүүлэх зэрэг зөрчлүүд анхаарууштай дуудлагууд байна. Холбогдож буй хүүхдүүдийн асуудалд анхан шатны зөвлөгөө тусламж, мэдээллийг өгч шаардлагатай байгууллагад холбон зуучлах үүргийг манай байгууллага гүйцэтгэдэг.
- Ирсэн дуудлага мэдээллийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг хүлээн авч 21 аймаг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, газруудад тус бүр мэдээллийг программаар дамжуулан шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийг мэдэгдэн холбон зуучилдаг.
Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж гэр бүлийн орчинд хүүхдэдээ чанартай цаг гаргаж байнга ярилцах, санал сэтгэгдэл эргэн тойронд болж буй үйл явдал, найз нөхдийн хүрээллийг мэддэг байх хэрэгтэй байна.
-Холбогдож байгаа хүүхдүүдийн хамгийн сэтгэл эмзэглүүлэм кейс юу байна?
Холбогдож буй хүүхдүүд эцэг эх нь ойлгохгүй байна, гэр бүлийн зүгээс архины хамааралтай гэх зэрэг асуудлууд, анги хамт олны дунд хүүхэд биеэ авч явахад дарамт шахалт ирж байгаа нь ихэнх дуудлага өгч буй хүүхдүүдэд илэрдэг.
- Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд уриалга хэлээч
Хүүхдэдээ болохгүй, битгий гэж хориглож загнаж ярихаас илүүтэй яагаад ингэж болохгүй вэ, энэ нь ямар хор уршигтай вэ гэдгийг нээлттэй хэлж ойлгуулж сануулах нь зүйтэй.