Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 14:52
3214
Иргэн н.Болормаа: Хорих ангийн дарга нар эрүүдэн шүүлтийг чөлөөтэй хийдэг

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол болж байна. 2024/11/20 Энэ үеэр иргэн н.Болормаа ШШГЕГ-тай холбоотой асуудлыг хөндөн ярилаа.

Тэрээр" Би эмэгтэйчүүдийн хорих ангид байж байгаад гарч ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой асуудал ярина.  Үе үеийн ШШГЕГ-ын дарга нарын дур зоргоор гаргасан журмуудаас болж эрх нь хязгаарлагдсан иргэдийн эрүүдэн шүүлтэд өртөж байгаа эсэхийг мянга яриад дэмий. 

Энэ утгагүй хууль, журмуудыг цэгцэлж шинэчлэх шаардлагатай байна.  Цагдан хоригдох байруудад байгаа камерыг дууг давхар бичдэг болгож өг. Тэгэхгүй бол сэтгэл санааг дарамтлах эрүүдэн шүүлтийг чөлөөтэй хийдэг. Амаараа юу гэж доромжилж байгаа нь сонсогддоггүй, эрүүдэн шүүгээгүй гэдэг тайлбарыг өгдөг. 

Хорих ангийн дарга нар, дэд дарга, төлөөлөгч нар хүний эрхийн зөрчил ,эрүүдэн шүүлт хийдэг. Би үүний эсрэг хорих ангид байхаасаа эхэлж тэмцсэн. Гомдол гаргахаар дэвшүүлэн зайлуулна гэдэг гоё арга ШШГЕГ хэрэглэдэг. 407-р хорих ангийн даргыг 2022 оны 11-р сарын 4-нд асуудал гаргалаа гээд ажлаас нь халангуутаа хүүхдийн хорихын даргаар томилсон.

Тэгээд ХЭҮК-оос шалгалт хийгээд тэр хүнийг ажлаас нь чөлөөлөөд буцаагаад эмэгтэйчүүдийн хорих ангийн дэд даргаар томилсон. ШШГЕГ хэдэн хурандаа, дарга нарт ямар өртэй юм бол оо гэж гайхаж байна" гэв.