Замбараагүй олон уулзалт, семинарын үр дүн хаана байна вэ? Сургалт, семинар, чуулга уулзалт, форум зохион байгуулснаараа суралцаж, өөрчлөгддөг бол бид өнөөдөр арай өөр нийгэмд амьдрах байсан!
Төрд хуралдаагүй сэдэв, хэлэлцээгүй асуудал үлдсэнгүй. Сүржин постер, танилцуулах хуудас, туг далбаа намируулж баннерын өмнө сэлфидсэн шигээ үр дүнгээ гаргадаг бол одоо тэдэнд хуралдах шаардлага алга!
Одоогоос 20 гаран жилийн өмнө АНУ-ын элчин сайд Жон Дингер “Монгол шиг ингэж хурал, семинар хийдэг улсыг хаана ч үзээгүй” гэж байв.
Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэж мэргэн ардын хэлсэн үг бий. Гэтэл бид жил бүрийн улсын төсөвт хурал, семинарт зориулсан урсгал зардлыг шингээсээр ирсэн.
Асуудал хэлэлцэхийг үгүйсгэхгүй ч ард нь гарах үр дүнгүй бол төсвийн мөнгийг үргүй зарцуулахаа больж, бүтээн байгуулалтад төлөвлөмөөр...
Манай улсад сард 100 гаруй хурал, семинарыг зохион байгуулдаг гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд 103 хурал цуглааныг зохион байгуулжээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хурал хуйд нөлөөлдөггүй бололтой.
Монгол улсын засгийн газраас дижитал парламент байя гэх уриалга гаргаж энэ сарын 25-нд “Дижитал тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулна гэв. Гадна дотны олон төлөөлөгчид оролцсон гоё тансаг үдийн зоог, кофены зардал улсын төсвөөс л гарна. Бид дижитал эрин, цахим хөгжил ярьсаар байх хооронд хар зах дээр бидний мэдээлэл худалдагдсаар байна. Хамгийн наад захын жишээ нь Интермэд эмнэлгээр үйлчлүүлсэн 28 мянган иргэний мэдээллийг 50 мянган доллароор арилжаалж байна. Энэ кибэр аюулгүй байдлаа хангасан цахим үндэстний шинж үү?
Сахил хүртээд шал дордов гэгчээр өчнөөн олон удаа хуралдаад ч өнөөх асуудал нь шийдэгдэхгүй бол өөр шийдэл хаймаар сан!