Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.11.21 17:10
698
Ж.Заяабаатар: Мэнгэ төөрсөн амраг чинь миний зүрхний гэгээн гуниг байхгүй юу

2000 онд юм уу даа, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Жалчингийн Заяабаатар ахтай нэг ярилцлага хийж "Зууны мэдээ" сонины амралт, чөлөөт цагийн "24 цаг" сонинд нийтлэгдэж байв. Тэр үед текст хэлбэрээр компьютер, интернэтэд оруулж хадгалдаг юм ч байсангүй. Жаахан бацааны хийсэн ярилцлагыг туршлагатай сэтгүүлч Ж.Заяабаатар ах өөрөө хараад засч янзлаад гоё ярилцлага нийтлэгдэж байлаа. Тэр үед нь уншсан хүмүүс ч их байсан биз. Энэ ярилцлагаа сэргээх маягаар ой тойнд үлдсэн юмаа сийрүүлье. Ж.Заяабаатар ах өөрөө яг ингэж гарчиг өгч байлаа.

-"Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайханы дуулсан "Мэнгэ төөрсөн амраг" дууны үгийг та бичсэнийг хүмүүс ер нь мэддэггүй юм байна...?

- Тийм ээ, Жагаагийн дуулдаг хэд хэдэн дууны үг бичсэн. "Мэнгэ төөрсөн амраг", "Мянга нэгэн шөнийн үлгэр", "Дундуур сэтгэл" гээд дуу болсон хэд хэдэн бүтээл бий.

-Би ч бас "Мэнгэ төөрсөн амраг"-ийг Чингис хааны Жагаа үг, аяыг нь зохиосон гэж боддог байлаа. Нэг удаа түүнээс "Та энэ дуугаа хэнд зориулсан юм" гэж сурвалжлагч асуухад "Нэг бүсгүй бий" гэж хариулж байсныг санаж байна…?

-Жагаа дуу болгоод гаргахдаа хэн нэгэнд зориулсан байж болно л доо. Харин би "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" шүлгээ оюутан цагийнхаа хайртай бүсгүйд зориулан бичиж байлаа.

-Энэ шүлэг зүгээр ч нэг төрөөгүй нь ойлгомжтой. Дуу төрсөн түүх гэдэг шиг шүлэг төрсөн түүхээ хуваалцаач, Заяабаатар ах аа?

Санхүүгийн техникомд сурч байхдаа нэг бүсгүйд хайртай болж дотносоод одот тэнгэрийн дор сугадалцан алхдаг байлаа. Сургуулиа төгсөөд гэр бүл зохиогоод сайхан амьдрана гээд л дэврүүн сэтгэлээр дурлаж явж. Гэтэл би цэрэгт татагдаад чилийсэн гурван жилийг үддэг юм байна. Анхандаа захидлаар харилцаж байгаад, сүүлдээ хайртай бүсгүй минь өөр хүнтэй суугаад явсан юм.

-Таныг хүлээгээгүй гэж үү?

- Дэврүүн сэтгэлээр үерхэж явсан залуус амьдралын эрхээр салахгүй юу. Тэр бүсгүйн буруу гэж юу байхав, амьдрал, хувь заяа нь тэгж эргээд л явсан хэрэг.

- Тэгээд нөгөө шүлэг чинь яаж төрсөн билээ?

- Тэр түүх чинь л яваад байна. Цэргээс халагдаж ирээд "Залуучуудын үнэн" сонинд сурвалжлагчаар орлоо. Тэр үед урлаг соёлынхон хөдөө тоглолтоор явж, сурвалжлагч нар дагаж явдаг байсан. Нэг тийм тоглолтоор Сүхбаатар аймгийн нэг хилийн заставт очлоо. Урлагийнхан дуу, бүжгээ сонирхуулж завсраар нь би бас ганц нэг шүлэг уншина. Заставын клубт шүлэг энэ тэрээ уншсан шиг байж байхад үзэгчдийн дунд нэг нүдний шилтэй цагаан хүүхэн нүдэнд тусаад болдоггүй. Тэгсэн оюутан цагийн минь хайр тэнд ингэж таарсан юм. Цэргийн хүнтэй суугаад нөхрөө дагаад хилийн заставт ирсэн байсан. Тоглолтын дараа тайзны ард түүнтэйгээ уулзаад оюутан цагийн минь хайр ч эргээд ирэх шиг болж шууд л "Чи надад хайртай хэвээрээ юу" гэж асуухад "Мэдэхгүй" гэж хариулж билээ. Тэр орой дуучин Бямбажав тэргүүтэй хэдэн нөхөдтэй ганц юм задалж буу халж суухдаа амьдрал, хань, хайр дурлалын сэдэв рүү хальтирч ороод " Болдоггүй юм бол болдоггүй л юм байна, бурхны заасан зам аргагүй л юм байна" гэж санал нийлээд... Тэгээд л "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" шүлгийн мөр хөврөөд ороод ирсэн.

-Таны тэр дурлалт бүсгүй хэн бэ? Одоо хаана байдаг юм?

- Тэр талаар дэлгэрүүлж яриад яахав дээ. Анхнаасаа л хамт амьдрах зураггүй ч төөрсөн амраг минь байж гэж боддог юм. Тод мэнгэтэй бүсгүй байсан. Мэнгэ төөрсөн амраг чинь миний зүрхний гэгээн гуниг байхгүй юу. Нэрийг нь Бямбаа гэхүү дээ, одоо Сонгинохайрхан дүүргийн захиргаанд ажилладаг.

- "Мэнгэ төөрсөн амраг" чинь ийм учиртай байж. Жаргалсайханы хит дууных нь нэг байх шүү...?

-Жагаагаас ярилцлага авахдаа энэ шүлгээ үзүүлсэн. "Чингис хаан" хамтлаг Сингапураас ирээд удаагүй байсан. Тэгсэн нэг өдөр "Заяабаатар аа, хүрээд ир. Нөгөө шүлгэнд чинь дуу хийчихлээ" гэхээр нь яваад очсон чинь дуулж үзүүлж байна. Тэр үед нэг их гоц гойд санагдаагүй. Харин дараа нь клип хийгээд цацахад гоё ч болж, жинхэнэ хит дуу болсон доо. Бас "Хань минь дээ...миний л хань" дууны үгийг "Чингис хаан" хамтлагт бичиж өгч байлаа. Нэгэн үдэш уулзалдаж, ууж идэж сууж байгаад л энэ дууны үгийг бичиж өгч байсан. Тэгээд үүрээр гэртээ ороод эхнэртээ загнуулж явлаа даа.

- Хит дууны шүлэг бичсэн гээд танд юм оногдсон уу?

- "Чингис хаан" хамтлаг Сингапураас эргэж ирээд мандан бадрахад " Мэнгэ төөрсөн амраг" дуу том нөлөө үзүүлсэн. Юм оногдох л ёстой байсан юм билээ. Бид нар ямар өөрсдөө хөөцөлдөж мэдэх биш. Энэ тал дээр жаахан гомдолтой л байдаг юм.

 

Ярилцсан Б.Нямдорж