Бид Үндсэн хуульдаа амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж зааж өгсөн. Атал энэ эрхээ өнгөрсөн хорин жилийн хугацаанд ноцтойгоор зөрчүүлсээр ирсэн ч хэтэрхий хүлцэнгүй явсныхаа горыг өдгөө амь нас, эрүүл мэндээрээ төлж буй.
Товчхондоо, төр утаа бууруулах хүрээнд та бидний халааснаас сугалсан мөнгөө гадаад, дотоодын зээл тусламжтай нийлүүлээд хэдэн их наядаар нь зарцуулсан ч нэг л өглөө улсаараа угаартаж үхэх аюулын өмнө бид зогсож байна гэсэн үг.
Тэгвэл дайнтай улсаас ч долоон дор харагдах өнөөдрийн нөхцөлд төр засгийн түвшинд ямар бодлого барьж, хэрхэн ажиллаж байгаа талаар ЗГ-ын сайд нараас тодрууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Мэдээж Улаанбаатарын утааны асуудал хүнд байгаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог өнгөрсөн жил татан буулгаад хотын дарга руу шилжүүлсэн. Бусад асуудал нь Байгаль, орчны сайд дээр байгаа байх. Нэгдүгээрт түлшээ солих шаардлагатай, хоёрт орон сууцжуулалт. Утааны асуудалд эмзэглэж байгаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Агаарын бохирдол, утаа бол хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй нь ойлгомжтой. Зөвхөн амьсгалын эрхтэн тогтолцоонд нөлөөлөөд зогсохгүй зүрх судас, мэдрэл гээд бүгдэд нь л сөрөг нөлөөтэй. Бид агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг илүү нарийн судлах ёстой. Өнгөрсөн хугацаанд төр засгийн бүхий л түвшинд утаа, түгжрэлийн асуудалд гол анхаарлаа хандуулж ирсэн. Гэсэн хэлий ч утааны асуудал шийдэгдэхгүй байна. Гэхдээ цаашдаа ЗГ-ын баримталж байгаа бодлого, хийж байгаа ажлууд утаан дээр томоохон өөрчлөлт хийх байх гэж харж байгаа. Урт хугацаандаа эрчим хүчний эх үүсвэр, орон сууцжуулалтын ажлуудыг хийж ойрын хугацаандаа түлшин дээрээ өөрчлөлт хийж байж утаанаас сална.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Агаар орчны бохирдол бууруулах асуудал бол ЗГ-ын бүх сайд нарын үүрэг гээд хуульд заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ утааны асуудалд бүх сайд хувь нэмрээ оруулах ёстой. Мөн би хэд хоногийн өмнө нийслэлийн удирдлагууд болон Тавантолгой түлш компанийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Энэ асуудал дээр Засгийн газар, хоттой хамтарч анхаарал хандуулж ажиллана.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Утааны асуудалд маш эмзэглэлтэй хандаж байна. Хууль сахиулах чиг үүрэг хүлээж байгаа хүний хувьд агаар, орчны бохирдолд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хууль бус үйлдлүүд, авлига болон төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа асуудалд бодлого гаргаж, агаарын бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулж ажиллана.
ШУУД ҮЗЭХ: