Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.22 10:58
1278
"Хахаад амьсгалахгүй байгаа хүүхдийг минь унтчихлаа гээд өлгийнд боогоод тавьсан гэсэн. Яаж тарчилсан бол..."

Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр ой хоёр сартай хүүхэд цэцэрлэгтээ хахаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоох задлан шинжилгээний хариу өнөөдөр гарсантай холбогдуулан ар гэрээс нь мэдээлэл хийлээ.

Хохирогч ээж: “Миний хүү тэр өдөр 15-16 цагийн орчимд эндсэн. Түргэнээр эмнэлэгт хүргэгдэхдээ л нас барсан байсан юм билээ. Багш нь анх хэлэхдээ “мэдэхгүй ээ, хоолоо идэж байгаад унтсан байсан. Би өлгийдөөд аваачаад тавьсан гэсэн. Над руу хүүхэд чинь унтаж сэрчхээд царай нь сонин болоод байна гээд залгасан. Анх эмнэлэг рүү очихдоо өнгөрчихсөн гэж мэдээгүй, хэн ч тэгж бодохгүй байх.

Энэ хэргээс хойш 24 хоногийн дараа шүүх шинжилгээний хариу нь гараад надад танилцууллаа. Ямар ч архаг өвчин, эмгэггүй хүүхдийг минь зүрх нь гэнэт хаагдсан гэж дүгнэлт гаргасан байна. Хатгаатай байж байгаад, элэг бөөр рүү нь ороод зүрх судсанд нь нөлөөлсөн гэж байна, тийм зүйл байгаагүй шүү дээ.

Миний хүүхэд ханиад хүрээд эдгэсэн учраас цэцэрлэгт нь өгөөд байсан. Бид хүүхдээ сайхан амьдруулахын тулд ажил хийж, цэцэрлэгт өгсөн. Гэтэл эв эрүүл байсан хүү минь өнөөдөр байхгүй болчхоод байхад багш нар нь ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэр өдөр 11 хүүхдийг л хоёр багш харж байсан. Яагаад ийм хариуцлагагүй байгаа юм бэ? Задлан хийсэн Болормаа гэх эмч гадны нөлөөнд орж ийм дүгнэлт гаргасан байх гэж хардаж байна.

Эв эрүүл, өглөө нь инээгээд баяртай гээд үлдсэн хүүд минь өдөр нь ийм зүйл болчихлоо гэхээр маш хэцүү байсан, одоо ч хэцүү байна. Би энэ бүх хүмүүст гомдол гаргана. Миний хүү рүү бүх бурууг чихэж байна. Хүүхдийнхээ үхлийн үнэн зөвийг олно.

Багш нь хүү чинь хоолоо идэж байгаа унаад өгсөн гэсэн. Уначихсан байхад нь унтчихлаа гээд өлгийдөөд тавьсан байгаа юм. Миний хүү өлгийдүүлдэггүй. Хүүхэд хахчихсаад амьсгалахгүй хэвтэж байхад нь унтчихлаа гээд амьгүй биеийг нь өлгийнд боогоод тавьчихсан байгаа юм. Яаж тарчилсан бол гэж бодохоос аймар байна..."