Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.11.22 12:32
173
Даатгалын салбарын 90 жилийн ойн хүрээнд “ДИЖИТАЛ ГАЛЕРЕЙ” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Өнөөдөр буюу 11 сарын 21 өдөр Монгол улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн цогц арга хэмжээ болж өнгөрлөө. Арга хэмжээг Монголын Даатгалын Холбоо, Санхүүгийн Зохицуулах Хороо болон даатгалын компаниуд хамтран шинэлэг байдлаар зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум болж, шийдвэр гаргагчид, нөлөө бүхий эрхмүүд цуглан даатгалын нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг танилцуулж, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, цаашлаад даатгалын салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлгийг хийлээ. Уг форумыг СЗХ-ны дарга Д.Баярсайхан нээн үг хэлэхдээ даатгалын салбар улам өсөн бэхжиж, их амжилтаар дүүрэн 90 жилийн ойгоо угтаж байгааг цохон тэмдэглэж, салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байгааг онцлов.

Мөн уг арга хэмжээнд Монгол улсын даатгалын салбарт гарч буй нийтлэг тохиодог эрсдэлүүдийг шинэлэг байдлаар танилцуулж, дэвшилтэт шийдлүүдийг санал болгох Бүүт хэсгүүд ажиллав. Хамгийн ихээр сонирхол татах хэсэг нь 360 хэмийн ДИЖИТАЛ ГАЛЕРЕЙ байсан бөгөөд Монгол улсад даатгалын салбар хэрхэн үүсэж бий болсныг илэрхийлэх түүхэн товчоон, салбарын онцлох тоо баримтуудыг дурдсан видео болон алдарт зураач Леонардо да Винчигийн дижитал уран бүтээлийн үзэсгэлэнгээр аялуулсан байна.

Уг арга хэмжээ нь технологийн шийдлээр дамжуулан Монгол улсын нийгмийн болон байгаль орчны эрсдэлүүдийг даван туулахад туслах шинэлэг шийдлүүдийг танилцуулснаар даатгалын салбар шинэлэг түвшинд хүрч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйг батлах томоохон үйл явдал боллоо.