ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Папиломма вирусийн эсрэг вакцинтай холбоотой шүүмжлэл их гарч байна? Иргэдээ хэрхэн мэдээллээр хангав?
Угтаа вакцинууд нэг л төрөл л дөө. Ковидийн үед батлагдаагүй вакцин байсан. Тэр үед асуудал гарч л байсан байх. Гэхдээ олон хүний амийг аварсан.
Папиллома вирусийн эсрэг вакциныг аль 90-ээд оноос л өндөр хөгжилтэй орнууд хэрэглэж эхэлсэн. Аюулгүй байдал нь хангагдчихсан, 2006-2014 оноос хойш 720 мянган хүн дагуулж хийсэн судалгаанаас аюулгүй гэдэг нь батлагдсан.
720 мянган хүн дотроос 248 хүнд толгой эргэх гэх мэт вакцины дараах хариу урвал илэрсэн. Эдгээр нь хүний амь насанд аюултай биш, тухайн хүний дархлаатай холбоотой хариу урвал.
Манайд хэрэглэж буй вакцин бол 2000 оноос хойш гараад хийгдчихсэн. Судлагдсан вакцин. Хэрэв айгаад байгаа бол хаана, аль улсад хэрэглэсэн бэ? Гэдгийг харах л хэрэгтэй.
Хөгжингүй орнууд хэрэглээд ард иргэд нь эрүүлжээд, бэлгийн замаар халдварладаг ургацгууд байхгүй болоод, умайн хүзүүний хавдаргүй улс гэдгээ зарлах гээд явж байна.
Хөвгүүд, охид нь ирээдүйн аав ээж болоход бэлтгэгдээд явж байна.
Хавдрын өвчлөл залуужиж байна гэдэг мэдээллийг эмч, мэргэжилтнүүд хэлэх болсон. Манай улс хавдраар хэдээс хэдэн насны залуучуудаа алдаж байна вэ?
Статистик тоогоор харах юм бол 45-аас дээш насныхан хэвээр байгаа. Гэхдээ 45-аас доош насны хүмүүс хавдраар өвчлөх тоо ихсэж байгаа.
Хорин хэдэн насандаа хавдраар өвчлөх тоо ихэссэн гэсэн үг. Гэхдээ хожуу насанд ч гэсэн өндөр байгаа учраас харьцааны хувьд хэвээрээ байгаа. Жил бүр залуужиж байгаа.
Хавдрын эмнэлэг барих ажил ямар шатанд явж байгаа вэ?
Хавдрын эмнэлэг барих асуудлыг 10 жил хөөцөлдсөн. Энэ бол эмгэнэл. Сингапур гэхэд хавдрын эмнэлэг нь 15 жил болсон. Тэгэхэд улсаас нь шинэ эмнэлэг барьж өгсөн.15 жил болсон эмнэлэг шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн гүйцэхгүй болохоор дараагийн шинэ эмнэлгийнхээ нээлтийг хийж байсан.
Гэтэл өнөөх 15 жил болсон эмнэлэг нь миний хувьд манай Монголд байхгүй л гоё эмнэлэг байх жишээний.. Судалгааны барилга нь гэхэд манай ХСҮТ-ийг 2 дахин томруулсан хэмжээний байна.
Газар олдохгүй маш удаан явлаа л даа. Газрын асуудал бүтчихвэл УИХ-ын тодорхой гишүүд дэмжиж байгаа. Барилгын зургаа зуруулах гэж өчнөөн жил боллоо, зургийн мөнгө тавиулах гэж олон жил болсон. Өнгөрсөн жил 2,8 тэрбум төгрөг тавигдсан. Бадарчилж, гуйж л явна. Түүнээс биш хувьдаа хийх гээд байгаа зүйл огт биш. Ямар ч гэсэн болгох гээд бүтээх гээд явж байна. 126 гишүүн дотор манай салбарыг мэддэг, ойлгодог гишүүд олон бий гэж найдаж байна.
Хавдрын эмнэлэг барилаа гэхэд ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмжийн асуудал ямар байх вэ?
Бид хавдар 2-оо барих гээд л бэлдээд байна гэсэн үг. Наад зах нь цусны хавдрын хагалгаагаа хийх ариун орчин бий болно. Энэ болгон дээр хүмүүсээ бэлдэж байна. Бид аврах ёстой хүмүүсийн 12 хувийг эмчилж байна. Ядаж 60 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа.
Улс юм бол төр юм бол шинэ эмнэлгүүдийг бий болгох ёстой, энэ бол төрийн үүрэг.
Тэгж байж тусламж үйлчилгээний чанарт ахиц гарна. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг зэрэг явах ёстой. Зарим хүмүүс эмнэлэг барьж яах юм бэ? Эрт илрүүлэг хий гэдэг. Эрт илрүүлэг хийлээ гэхэд өвчтэй хүмүүстээ чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ.