Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлэх үүрэг бүхий “Хүнсний хувьсгал” ТББ, “Стейнер” судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлээ. Уулзалтаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо, Тэрбум мод зэрэг хөдөлгөөнүүд хоорондын уялдаа, системийн холболт, салбар хоорондын давхардлыг арилгах зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцэв.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний хувьсгал” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Болод, “Стейнер” судалгаа хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Р.Батгэрэл, “Стейнер” судалгаа хөгжлийн хүрээлэнгийн тэргүүн Б.Артагбат болон Ерөнхийлөгчийн тамгын газрын мэргэжилтнүүд оролцлоо.
“Стейнер” судалгаа хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Р.Батгэрэл: Манай “Стейнер” судалгаа хөгжлийн хүрээлэн бол монголын анхны хувийн бодлогын судалгаа хөгжлийн байгууллага. Бид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын стратеги төлөвлөлтийн талаар хийсэн өөрсдийн санал, санаачилга, төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдлагуудад танилцууллаа. Миний хувьд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа томоохон хөдөлгөөнүүд дундаас хамгийн чухал санал, санаачилга нь “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн гэж үздэг. Тэгвэл Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо, Цагаан алт, Тэрбум мод зэрэг идэвхтэй, эрчтэй өрнөж байгаа хөдөлгөөнүүдийн нэгдсэн бодлого, системүүдийн уялдааг хангах талаар өөрсдийн хийсэн судалгаа бага ч гэсэн нэмэр болно гэж үзсэн учраас өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна. Дээрх хөдөлгөөнүүд стратеги болж, бүтэц болж цаашаа үргэлжилж, амжилттай хэрэгжих ёстой. Энэ хүрээнд бодлогын судалгаа яаж гардаг, салбарын судалгаа яаж гардаг, хамтын ажиллагааны хэлбэр ямар байдаг, суурь дэд бүтэц гэж юу байдаг зэрэг сэдвээр ярилцаж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Хүнсний хувьсгал” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Болод: Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо зэрэг хөдөлгөөнүүдийн уялдаа холбоог “Стейнер” судалгаа хөгжлийн төвтэй хамтарсан байдлаар хэлэлцлээ. Дээрх хөдөлгөөнүүдийг хооронд нь холбодог нэмүү өртгийн гинжин хэлхээг хамгийн богино, хамгийн өртөг багатайгаар хамгийн ухаалаг байдлаар шийдэх боломж, гарц, гаргалгааг танилцуулж байна. Зөвхөн дээрх гурван хөдөлгөөний асуудал биш цаашлаад боомтын хөгжил, бүсчилсэн хөгжил, аж үйлдвэрийн парк зэрэг төслүүдтэй уялдаж нэг цогц бодлогын хүрээнд үргэлжлэх ёстой. Тиймээс дээрх хөдөлгөөнүүд хоорондын давхардлыг арилгах, санхүүжилтийг оновчлох, мөн энэ хөдөлгөөнүүдтэй уялдаж ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, малчид, хоршоо, баг, аймаг сумын засаг дарга нар нэг том зураг, нэг нэгдсэн ойлголтын хүрээнд нэгдэж ажиллах ёстой. Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг хамаарал бүхий төрийн байгууллага, хувийн хэвшил, аймаг сумдын засаг дарга нарт хүргэх ажлыг хийх болно.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Стейнер” судалгаа хөгжлийн төв “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтарч ажиллах санамж бичиг байгуулах цаашлаад төрийн бодлогод хүргэх чиглэлд хамтрахаар харилцан санал солилцлоо.