Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.22 17:33
13697
Бяцхан хүү ээжийнхээ халуун энгэр, аавынхаа дулаан нөмрийг яасан их санагалзаж сүүлийн амьсгаагаа татсан бол... 

Энэ оны 10-р сарын 28-ны өдөр гэр цэцэрлэгт ой хоёр сартай хүү хахсан байж болзошгүйн улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин талийгаач хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан байна. Гэвч дөнгөж ой хоёрхон сартай хүүгийн задлан шинжилгээний хариу олны эргэлзээг төрүүлж байна.

Учир нь шүүх шинжилгээний хариугаар хүүг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрхний өвчтэй тул зүрх нь гэнэт хаагдаж нас барсан гэж гарчээ. Харин талийгаач хүүгийн ээж хүү нь эв эрүүл байсан, ханиадтай байсан ч ханиад нь эдгээд цэцэрлэгтээ явж байсан талаар ярьж байлаа.

Мөн ар гэрийнхнийх нь зүгээс задлан шинжилгээтэй санал нийлэхгүй байгаа учир ахин шинжээчдийн баг томилуулж, шинжлүүлэх хүсэлтээ өгсөн байна. 

Харин ШШЕГ-ын бүртгэл мэдээлэл технологийн хэлтсийн дарга н.Мөнхбат: Тухайн хэрэг гарсан өдөр шинжээч томилогдож, ажиллаж эхэлсэн. Эд эсийн шинжилгээ удаж гардаг. Тус шинжилгээнд үндэслэж шинжээч эмч дүгнэлтээ гаргадаг. Шинжээч эмчийн дүгнэлтийг хугацаа хэтрүүлээгүй. Хуулийн хугацаанд ажлаа хийсэн. Нас барсан тохиолдлыг хурдан гаргах боломжгүй. Дүгнэлт нь гараад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Бид нар дүгнэлтийн утгыг мэдэхгүй гэх хариултыг өгөөд байгаа юм. Харин талийгаачийн ээж шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гадны нөлөө орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

Тус гэр цэцэрлэг нь дөрвөн жилийн турш зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн хариуцлага алдсан гэр цэцэрлэгийн багш, удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлагаа хүлээгээгүй байгаа.

Зөвшөөрөлгүй дөрвөн жил үйл ажиллагаа явуулсан цэцэрлэгийн үйл ажиллагааг тус хэрэг гарсны дараа зогсоожээ. Харин биднийг очиход ундуй сундуй, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад бэрх орчин  угтсан юм. 

Ахин хэзээ ч эргэж ирэхгүй эзнээ хүлээн тоосонд дарагдан хүлээх сандал...

Хүүхдийн тоглох элсний талбай

Хашаан доторх ил нүхэн жорлон

Хэрэв улсын цэцэрлэг хүртээмжтэй, яслийн анги хүрэлцээтэй байсан бол ой хоёрхон сартай бяцхан хүү амиа алдахгүй байх байлаа. Бяцхан хүүг хахсан байхад нь багш нар нь яагаад анзаарсангүй вэ. Аль хэдийн амьсгал хураачихсан байхад нь амьгүй биеийг нь өлгийдөж байхдаа яагаад амьсгалыг нь шалгасангүй вэ. Эсвэл талийгаач хүүг хахсан ухаангүй байхад нь унтаж байна гээд өлгийдсөн үү гэх хариултгүй асуултууд одоо ч байсаар байна.

Хэрэв хахчихсан байхад нь өлгийдсөн бол бяцхан хүү амь тэмцэн хэчнээн их тарчилж ээжийнхээ халуун энгэр, аавынхаа дулаан нөмрийг яасан их санагалзаж сүүлийн амьсгаагаа татсан бол... 

Бид энэ хэргийг мартаж болохгүй, шат шатны буруутай этгээдээр нь хариуцлагыг нь төлүүлэх хэрэгтэй. Хариуцлага тооцдоггүй, хэсэг хугацааны дараа л мартдагийн горыг бяцхан хүүхдүүд амиараа төлөх ёсгүй. 

Шууд дамжуулалт: