Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
3 цагийн дараа
300
Д.Өлзийбат: Агаарын бохирдлын 51 хувь нь шаталтаас, 34 хувь нь машины утаанаас үүдэлтэй

Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн иргэд 2019 оноос хэрэглэж эхэлсэн. Тухайн үедээ утаа буурсан хэмээн иргэдийн сайшаалыг хүртэж байсан. Гэвч энэ жилийн хувьд Улаанбаатар хот нүүрс түлж байсан үеэсээ ялгарахгүй их утаатай байна. 

Харин үүнийг иргэд сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, үйлдвэрлэх горим өөрчлөгдсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Харин утаа ихэссэн шалтгааныг Тавантолгой түлш ХК-иас нийслэлд 174 аж ахуйн нэгж түүхий нүүрс түлж байгаагаас болон автомашины утаа, тоос тоосонцортой  холбоотой гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Тиймээс манай сурвалжлах баг Тавантолгой түлш ХК-ийн Найлайх дүүрэгт байрлах үйлдвэрийн ерөнхий технологич Д.Өлзийбатаас тодруулга мэдээлэл авснаа уншигчдадаа хүргэж байна. 

- Сайжруулсан шахмал түлшний орц найрлага өөрчлөгдсөн байж болзошгүй гэж иргэд үзэж байна. Та албан ёсны тайлбар мэдээлэл өгнө үү

-Тавантолгой түлш компани 2019 оноос хойш шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн. Шахмал түлш хоёрхон орцтой. Нүүрс 95 хувь, холбогч эд буюу барьцалдуулагч 5 хувь ордог. 95 хувь ордог нүүрсийг Энержи Ресурс ХХК-ийн Ухай худгийн угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу медлинг хэрэглэж байгаа. Энэ медлингийг 2019 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэж байна.

Бид өдөр тутамдаа хяналтаа хийж байдаг учраас медлингийн шинж чанар тогтвортой байгаа. Мөн орц найрлагын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 

Үүнийг бид дотооддоо хянах бус хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудаар сар болгон хянуулдаг. Мэргэжлийн байгууллагуудаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт тавьж, дээж авч шинжилгээ хийдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл орц найрлага өөрчлөгдөөгүй гэж ойлгож болно. 

-Түлшний орц найрлага өөрчлөгдөөгүй байхад утаа буцаад ихсэж байгаа шалтгааныг сайжруулсан шахмал түлштэй холбож үзэж байна. Тиймээс энэ асуултад та тайлбар хийнэ үү

-Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Анх шахмал түлш гарч байхад маш өндөр зохион байгуулалттайгаар түүхий нүүрсэнд хяналт тавьж байсан. Оройдоо энд тэнд өндөрлөг газар дээр очоод утаа их гарч байгаа айлд очиж, зөвлөмж өгч, түүхий нүүрс түлэхийг нь болиулж байсан. Мөн ковидын үе ч таарсан. Харин үүнээс хойш юу болсон талаар ярих хэрэгтэй байх.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 174 аж ахуйн нэгж байгаа. Дээрх аж ахуйн нэгж дунд бага оврын уурын зуухнууд байгаа. Тэдгээр уурын зуухнууд түүхий нүүрс хэрэглэж байгаа. Бидний түүхий нүүрсийг нийслэлд хориглох тогтоол бүрэн утгаараа хэрэгжээгүй.

Энэ 174 аж ахуйн нэгжээр жилдээ 140 орчим мянган тонн түүхий нүүрс түлж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээ Улаанбаатарт тасраагүй байна гэдэг нь утаанд их нөлөө үзүүлж байгаа. Дээрээс нь жилээс жилд нэмэгдэж байгаа машин техникийн хөдөлгүүрээс гарч байгаа тоос тоосонцор ч холбоотой. 

Нэг судалгаа дурдахад нийт өвлийн утааны улирлын агаарын бохирдлын 51 орчим хувь нь зөвхөн шаталтаас ялгарч байгаа утаа байна. Бусад 34 хувь нь машины утаа, түүнээс ялгарч байгаа тоос тоосонцор. Үлдсэн хувь нь бусад гэсэн ангиллаар гардаг. Энэ 51 хувьд түүхий нүүрс, станцын нүүрс, шахмал түлш ч орж байгаа.  Олон эх үүсвэртэй.

Тэгэхээр би ийм л тайлбар хэлэхээр байна. Түүнээс орц, найрлага өөрчлөгдөөгүй. Үйлдвэр дээр технологийн горим, орц найрлага өөрчлөгдөөгүй гэдэгт иргэд итгэлтэй байж болно. 

Шууд дамжуулалт: 

Тавантолгой түлш ХК-иас дээрх тайлбарыг өглөө. Тиймээс Налайх дүүрэгт оршин суудаг иргэдээс сайжруулсан шахмал түлштэй холбоотой тодруулга яриаг авсан юм. 

Иргэн: Илч нь сайн л юм. Гэхдээ тортог ихтэй. Угаартаад эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгаа. Модоо асаагаад түлш хийхэд угаарын үнэр байдаг. Үүнээс болж толгой өвдөж байна. Мөн өнгөрсөн жилийнхээсээ шахмал түлш муудсан байна. Өнөгрсөн жил арай гайгүй байдаг байсан. Энэ жил хуурай, тортог ихтэй. Манайх байшинд байдаг учраас 7 хоногт 7 шуудай хүрдэггүй. Хааяа хүүхдүүдээсээ зээлдэг эсвэл түгээгчээс найм болгоод өгөөч гэж гуйдаг. Цаашдаа сайжруулах л хэрэгтэй. Ингээд муудаад байвал хэцүү байна. 

Иргэн: Налайх дүүргийн хувьд утаатай байгаа гэхдээ Улаанбаатараас арай бага. Шахмал түлш жил ирэх тусам муудаад байгаа. Хийж байгаа бодисноосоо л болж байгаа байх. Түлш дээр маш сайн хяналт тавих шаардлагатай байна. Маш олон хүн угаартаж нас барж байна. 

Шууд дамжуулалт: