Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.11.27 16:23
1900
Д.Энхтуяа: Улаанбаатарын утаа аюултай гэх дүгнэлт гарсан бол шахмал түлшинд технологийн алдаа гарсан гэж дүгнэнэ

Масс сайт энэ долоо хоногт Улаанбаатарт аюулын харанга дэлдээд удаж буй утааны асуудлаар УИХ-ын гишүүд парламентын түвшинд ямар ажил хийж буй талаар тодруулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Засгийн газрын сайд нараас мөн энэ асуудлаар тодруулан ажиллахад түлшээ солих шаардлагатай байгааг хэлж байсан юм.

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ямар нэгэн технологийн алдаа гарсан  эсэхийг шалгах, дүгнэлт үйлдэх 11 хүнтэй ажлын хэсэг гарсан. Тэгвэл ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас тодруулсаныг хүргэж байна. 

Д.Энхтуяа: 2019 онд Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэх үед дэвшилттэй байсан. Анхны зорилгодоо хүрсэн үү гэвэл өнөөдрийн дүр зургаас дүгнэлт нь харагдана. Гэхдээ эхний хоёр жил яагаад утаагүй аятайхан болсон хэр нь одоо яагаад ийм айхтар аюултай утаа байна вэ гэх асуудал гарч байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн технологийн асуудал дээр мөн санхүүгийн асуудал дээр аудит орж шалгаад буруутай этгээдүүд болон бүх дүгнэлт гарчихсан байдаг.

Манай ажлын хэсэг дээр хамгийн эхэнд хийгдэж байгаа ажил бол байгаль орчны үнэлгээ гарсан юм уу, энэ агаарт дэгдэж байгаа хүхэрлэг хий гэгдэх утаа хүний эрүүл мэндэд хортой байгаа юм уу гэдэг дүгнэлт гарсан, бид энэ дүгнэлтийг сонсох гэж байна.

Хэрвээ утаа аюултай байна гэсэн дүгнэлт гарсан юм бол технологийн алдаа гарсан л гэж дүгнэнэ шүү дээ. Тиймээс энэ алдаа ямар учраас гарсан юм, үүнийгээ энэ жил яаралтай засаж залруулах боломж байгаа юу гээд цааш явна. Зүгээр дүгнэлт гаргаад явахгүй эрс өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хийхийн төлөө манай ажлын хэсэг Улаанбаатар хоттойгоо хамтраад дүгнэлтээ гаргаад ажиллана гэж бодож байна.

Манай эрүүл мэндийн салбарынхан яриад байгаа шүү дээ, АНУ-ын лабораторит энэ утааг шинжлэхэд хортой байна, мутацилагдсан элэгний вирус гаргаж байна гээд яриад байдаг. Гэтэл бид нар нийслэлийн удирдлагууд болон НЭМҮТ-ийн дарга нарыг дуудаж бүлгийн хурал дээр мэдээлэл авахад тэд энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү гаргасан байдаг, дараа нь энэ нь ташаа мэдээлэл байсан гээд залруулсан гэж ярьдаг. Ингээд л хуурай яриа болчихдог.

Мөн Тавантолгой түлш компанийн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар прокурорын газарт шалгагдаад явж байгаа гэсэн. Бид хэн нэгнийг цаазын тавцанд аваачихаас илүү алдааг хурдан засах тал дээр ажиллана. Бид бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Сайжруулсан түлшнээс хурдан салаад өөр түлш хэрэглээнд нэвтрүүлнэ гэхэд тийм хурдан процесс үргэлжлэхгүй.

Тавантолгой түлшийн баруун бүс хаагдсан бол төвийн бүс бага хүчин чадалтай. Ганц зүүн бүсийн үйлдвэр л ажиллаж байгаа. Гэтэл үйлдвэрлэлийг эхлүүлэхэд хийсэн анхны судалгаа бол энэ гурван үйлдвэр гурвуулаа ажиллаж байж нийслэлийн 210 мянган айл өрхийг утаагүй түлшээр хангана гэсэн судалгаа гарсан ч одоо үүнээсээ ухраад байна. ТТТүлш 1,3 их наядын өртэй жилд 200 тэрбумын алдагдалтай ажиллаж байна гэсэн мэдээлэл өгдөг. Анх ахиц гарсан ч одоо технологийн алдаа гарсан байх магадлалтай гэж эхний байдлаар үзэж байгаа.