Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.11.28 10:01
992
О.Оюун-Эрдэнэ: Дотоод орчны агаарын чанараа сайжруулахын тулд агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй

Гадаад орчны агаарын чанарын асуудал нэн тэргүүнд тавигдаж, иргэд бухимдалтай байна. Энэүү агаарын бохирдлын асуудлыг дагаад дотоод агаарын  чанар муудаж байгааг зарим нэг судлаачид хэлж байна.  Энэ талаар  НЭМҮТ-ийн, Орчны эрүүл мэндийн албаны, Эрдэм шинжилгээний ажилтан, НЭМУ-ны доктор О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дотоод орчны агаарын чанар гэж юу вэ? Дотоод орчны агаарын бохирдлын талаар тайлбарлаж өгнө үү  ?

-Дотоод орчны агаар гэдэг нь гадна агаараас ямар нэг хийц бүтээцээр тусгаарлагдсан дотоод байдлыг хэлнэ. Дотор орчны агаарын  чанар гэдэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх түвшинд, зөвшөөрөгдөх агууламж хэмжээнд байгаа агаарыг хэлнэ. Түүнээс давсан байх юм бол дотор агаарын чанар бохирдолтой байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл “ ДЭМБ дотоод орчны агаарын чанар түүнээс гадна өрхийн агаарын бохирдол гэж хоёр ангилсан байна. Үүн дотроо өрхийн агаарын бохирдол нь хатуу түлш шатаасантай холбоотой гадаад, дотоод агаарыг хоёуланг нь бохирдуулж буйг хэлнэ гэж” тодорхойлсон байдаг.

-Бид өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдлыг асуудал дэвшүүлэн хөнддөг. Гэвч агаарын чанарын үзүүлэлтээс хамаарч дотоод агаарын чанар өөрчлөгдөж байгааг анхааралгүй өнгөрч байна. Дотоод агаарын чанарын асуудал хэр чухал вэ ?

- Манай улсын ихэнх өрх хатуу түлш түлдэг учраас дотоод агаарын бохирдол их бага хэмжээгээр байгаа. Утаа их байгаа энэ үед гадна болон дотоод агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг бид мэдэж байх нь чухал юм.

Жишээлбэл: Гадаад агаарын бохирдлыг дотор агаарт нэвтрүүлэхгүй байх дараах хэд хэдэн арга зам байдаг.

Үүнд: Гэрт амьдардаг айлууд зуух , яндан, хаалга, рамны битүүмжлэлийг өвлийн улиралд сайжруулах, янданг гэр байшингийн дээврээс 70 см байх стандарт хэмжээг баримтлах, орон сууцныхан цонх, агааржуулалтын системийг шалгах, сайжруулах мөн гэртээ тамхи татахгүй байх хиншүү сорогч хэрэглэх гэх мэт.

Өрх бүр дулаан алдалтыг багасгах, гэртээ РМ 2.5 тоосонцрыг шүүдэг шүүлтүүртээ хипа агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу ашиглахыг зөвлөж байна.

Мөн ЕБС-ийн хувьд хүүхдийн дүүргэлтийг нормынх нь хэмжээнд барих, сургуулийн агааржуулалтын системийг тогтмол ажиллагаатай байлгах, түүнийг цэвэрлэх, цонхны битүүмжлэлийг сайжруулах, агаар цэвэрлэх төхөөрөмжийг гормын дагуу ажлууллахыг зөвлөдөг.

-Монгол улс дотоод орчны агаарын бохирдлыг хэзээнээс судалж, иргэдэд зөвлөмж хүргүүлж эхэлсэн бэ ?

-Бид 2008 онд хатуу түлш түлэх нь дотор агаарын бохирдолд нөлөөлж байгаа эсэхийг судалж сургууль цэцэрлэгийн дотоод орчин, өрхийн дотоод орчин түлш сольсонтой холбоотой судалгаа зэргийг хийж гүйцэтгэсэн.

 Яагаад дотоод орчны  агаарын  чанарыг судлах ёстой вэ гэхлээр хүн амьдрах орчныхоо 80 хувийг дотор өнгөрөөдөг учраас тэр шүү дээ. Гэтэл энэхүү судалгааг хийх тийм амар хялбар биш. Хатуу болон хийн түлш ашиглаж байгаа тохиолдолд өөр аргазүйгээр, огт гал түлдэггүй орон сууцыг мөн өөр аргаар судална. Иймд дотоод агаарын  чанарын судалгаа гэдэг нь маш нарийн төвөгтэй зайлшгүй анхаарах ёстой агаарын асуудал юм.

-Сүүлийн үед гадаад агаарын бохирдол дотор нэвтсэрнээр иргэдийн толгой өвдөх, нойргүйдэх, хоолой хорсох зэрэг үзэглүүд нэмэгдэж буйг олон хүн хэлж байна. Энэ шууд утгаараа дотоод агаарын чанартай хэр холбоо хамааралтай гэж та үзэж байна вэ ?

-Эдгээр зүйл нь олон шалтгаанаас үүссэн байж болно гэхдээ агаарын бохирдол дээр дараах шалтгаануудыг хэлье.

Та гэртээ болон ажил дээрээ цонхоо онгойлгойсон бол энэ нь гадна орчноос  хүхрийн давхар исэл болон азотын давхар исэл гэх зэрэг хийнүүд таны амьсгалын эрхтэн системд нэвтэрч толгой өвдөх, хоолой хорсон шинж тэмдэг илэрсэн байх боломжтой.

Харин дотор орчинд цонх хаалгаа онгойлгоогүй байхад хоолой хорсох, толгой өвдөх үзэгдэл илэрвэл дэгдэмтгий органик нэгдлүүдийн ялгарал  байх магадлалтай гэж таамаглах хэрэгтэй. Дараах дэгдэмтгий органик нэгдлүүд дотор хурц үнэрт хийнүүд ордог.  Безол, формальдегид, ксилол, толуол этилбензол нэгдлүүд нь хэвлэлийн машин, хулдаас, шинэ тавилга зэргээс илэрдэг. Тиймээс тухайн нөхцлөө зөв үнэлж юунаас үүдсэн зовиур болохыг зөв тодорхойлох нь маш чухал.

-Гадаад дотоод агаарын бохирдлыг зохист түвшинд аваачихын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлвэл зохистой вэ? Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ ?

-Гадаад орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд бид цэвэр түлш рүү шилжих, ядуурлыг бууруулах, хотжилтыг саармагжуулах хөдөө орон нутгийг хөгжүүлэх, эдийн засгийн эрэлттэй талуудыг бий болгох хэрэгтэй. Зөвхөн улаанбаатар хотод агаарын бохирдол яригдаад байгаа юм биш. Хөдөө орон нутгийн томоохон суурьшлын бүсүүдэд агаарын бохирдлын асуудал аль 20-иод жилийн өмнө эхэлсэн. Эдгээр агаарын бохирдлыг хянадаг, танддаг системийг нь сайжруулах нүүрс түлж байгаа бүх газруудад РМ 2.5 нэмээд органик дэгдэлт хүхэрлэг хий зэргийг 24 цагаар нь хэмждэг байх ёстой. Мөн түүнчлэн агаарын чанарын индексийг хүн амдаа мэдээлж,  хүн ам эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлж байх ёстой.

Ярилцсан Б.Амирлан