Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.11.28 11:01
2870
Белла де Пауло: Ганц бие хүмүүс 40 гараад ирэхээрээ бүр илүү жаргалтай болдог


Ганц биеэрээ байх нь хамгийн том аз жаргал хэмээн Белла Де Пауло батлан ярьж байна. Залуухан, хорин хэдтэй байхаасаа л “Ганц бие байх нь надад таалагддаг, би жаргалтай байна” гэж хэлж байхад ойр тойрны хүмүүс “Үгүй ээ, наад бодол чинь тэгж байгаад өөрчлөгдөнө” гэдэг байж. Тэрээр одоо 71 настай, хонгор залуу насны бодол нь огт өөрчлөгдөөгүй хэмээн ярьж байна. 
Белла де Пауло Харвардын их сургуулийн нийгмийн сэтгэл зүйн доктор, “Төрөлхийн ганц бие хүмүүс” номыг зохиогч. Ганц бие хүмүүсийн амьдрал, аз жаргалын түвшин, тэдний нийгэмд эзлэх байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгааг олон жил судалжээ. ВВС-ийн сурвалжлагч Рафаел Абучайбе түүнтэй уулзаж ярилцжээ.

-    Өөрийн хувийн амьдралаас ургуулаад асуултаа эхэлье. Би 38 настай, гоонь. Энэ дэлхий хосоороо амьдарч байгаа хүмүүст илүү талтай байдаг л даа. Яагаад тийм байдаг юм бол?

-    Хосууд анхаарлын төвд байдаг. Бэлэг сэлт болж, нэг нэгнээ хэрхэн хүндэлж хайрлаж байгаа тухай кино, дэлгэцээр их гардаг. Бүх юм тэднийг тойрон эргэлддэг юм шиг харагддаг. Гэвч юм өөрчлөгдөж байна, ганц биеэрээ байх гэсэн хүмүүс улам их болсоор байна. Ганц биеэрээ байх тухай төсөөллийг бид л өөрчилж чадна. Тэр цагт ганц бие хүмүүсийг бүгд сайн ойлгодог болно. Та над шиг ганц бие бол түүгээрээ бахархаж болно.

-    Гэвч заримдаа үүгээрээ бахархаад байна гэхээр хэцүү санагддаг. Гэрлэсэн хүмүүс хөгшрөх тусмаа илүү аз жаргалтай болдог гэсэн эрдэмтдийн судалгаа хүртэл байдаг...

-    Тэдгээр судалгаа одоо хоцрогдсон л доо. Ганц бие хүмүүс 40 хүрээд, 40 гараад ирэхээрээ бүр илүү жаргалтай болдог гээд саяхны судалгаагаар гараад ирлээ. Гэртээ ганцаараа зайрмаг идээд уйлж суудаг гунигтай ганц бие хүмүүсийн талаарх ойлголт өөрлөгдөж байна гэсэн үг. Үнэндээ, ганц бие хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам илүү жаргалтай болдгийг л хэлэх байна. 

-    Тэр судалгааны дүнг жаахан дэлгэрүүлээч?

-    Хүмүүс гэрлэхээрээ нэг арал дээр яваад оччихдог. Арал дээр өөрийгөө аваачаад хашчихдаг гэсэн үг. Найзуудтайгаа цөөхөн ярьдаг болж, эцэг эхтэйгээ ч уулзахаа больдог. Нэг жижиг тойрогт орчихдог. Харин ганц бие хүмүүс найзууд, гэр бүлтэйгээ, амьдралд чухал гэсэн хүмүүстэйгээ байнгын холбоотой байдаг. Ганц бие хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам улам жаргалтай болдгийн гол шалтгаан нь энэ. Үүнээс гадна тэд ганц биеэрээ амьдарч сурдаг. Гэрээ яаж тохижуулах уу, харилцаагаа яаж зохицуулах вэ гээд. Өөрөөрөө байх эрх чөлөө тэд нарт л байдаг. Тийм хүмүүсийг би “Зүрхний ганц биесүүд” гэж нэрлэдэг. Ганц бие байгаагийнхаа ачаар хөгжиж дэвжиж, аз жаргалыг мэдэрч байдаг.

-    “Зүрхний ганц биесүүд” гэж анх удаагаа л сонслоо. Тийм хүмүүс яг ямар байдаг юм? Юугаараа ялгарах уу?

-    Зүрхний ганц бие хүмүүс эрх чөлөөгөө эдэлж, чөлөөт цагаа эргэцүүлэх, алжаал тайлах, бүтээлч байх, оюун санаагаа хөгжүүлэхэд ашигладаг. Тэд ганцаар байхаас айдаггүй, харин ч ганцаар байх нь өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга хэлбэр гэж үздэг. Ганц бие хүмүүс ганцаарддаг гэсэн буруу ойлголт байсаар байна. Мэдээж, зарим гоонь хүмүүс ямар ч хүний адил, гэрлэсэн хүмүүсийн адилаар ганцаардаж, сэтгэлээр унадаг. Харин зүрхний ганц бие хүмүүс ганцаардлын эерэг талыг олж харсан, мэдэрсэн хүмүүс байдаг.

-    Англи хэлэнд ганцаардлыг solitude болон loneliness гэж хэлдэг. Энэ хоёр үгийн ялгаа ганц бие хүмүүс яагаад жаргалтай байдаг шалтгааныг хэлээд өгөх юм болов уу?

-    Тийм ээ. Loneliness гэдэг үгэнд хамаарах ганцаардал нь чи нийгмээс хүссэн харилцаагаа авч чадахгүй тохиолдолд яригдана. Solitude гэдэг нь цаанаасаа заяагдсан ганцаардал гэх юм уу. Тэр ганцаардлыг яаж ч баяжуулж болно. Олон хүн, тэр тусмаа ганц бие эмэгтэйчүүд тэрхүү ганцаар цаг хугацааг эргэцүүлж бясалгах, ямар нэг шүүлтүүргүйгээр таалагддаг зүйлдээ цаг заваа зарцуулахад зориулдаг. 

-    Таны ярианаас үүдээд романтик харилцаатай байгаа хүмүүсийг асуумаар санагдчихлаа. Тэд нар зүрхний ганц биесүүд мөн үү?

-    Ерөнхийдөө тэд нар бол уламжлалт харилцааг нэг таашаадаггүй хүмүүс. Магадгүй тэд тус тусдаа гэртэй, гэртээ өөрийн гэсэн тусдаа орон зайтай хүмүүс байгаа. Ийм хосууд санхүүгээ хуваадаггүй, нөгөө талаасаа зай барьж тэнцвэрийг хадгалж байдаг. Нөхөрлөлдөө цаг гаргах, өөртөө цаг зав гаргахыг сайн зохицуулдаг. Тэд романтик харилцаанаасаа татгалзалгүйгээр зүрхний ганц бие байж чаддаг.

-    Та бүх насаараа ганц бие яваа гэж гэдгээ дурдсан. Туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-    Доктор Белла де Пауло, 71 настай. Бүх насаараа ганц бие явж байна. 20 настай байхдаа ганцаараа гоё байдаг байсан ч удахгүй өөр бодолтой болох байх гэж боддог байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ганц бие амьдрал бол миний амьдрал юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг ойлгоод, мэдэрчихсэн бол тэрхүү ганцаар амьдралаа бүрэн өөртөө зориулж чадна. 

-    Латин Америкийн нийгэм нь хүмүүсийг гэрлэх ёстой гэж үздэг нийгэм. Тэнд байгаа ганц бие хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-    Ганц бие байгаагаараа бахарх. Чи ганц бие, тэгээд хостой болохыг хүслээ гэж бодъё. Баргийн хүн чамд таалагдахгүй, тэгэхээр чи өөрийнхөө стандарт, түвшингээр бахархаж болно. Ганц бие байж байтал нийгэм, эргэн тойрны хүмүүсээс гэрлэхийг шаарсан шууд биш дарамт ирээд байвал үл тоо, өөртөө үнэнч байгаагаараа сайрх. Дэлхий даяар ганц бие хүмүүс нэмэгдээд байгаа болохоор тэд нарт хандах хандлага ч өөрчлөгдөх болно.