Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.29 15:03
2628
Кремлийн тэргүүний охид хаана байдаг вэ?

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград (одоогийн Санкт Петербург) хотод мэндэлжээ. Зөвлөлтийн тэнгисийн цэргийн офицер аав, үйлдвэрийн ажилчин ээж нь 1990-ээд оны сүүлээр бурхан болжээ. В.Путин 2000 оноос хойш дундаа нэг завсарлагатай Орос орныг 20 жил удирдаж байна.

2014 онд эхнэр Людмилагаас албан ёсоор салжээ. Хоёр охинтой, Мария (38 настай), Екатерина (37). 2015 онд Кремлийн лидерээс охидынх нь талаар асуухад “Миний охид Орос эх орондоо ажиллаж амьдардаг, хэзээ ч өөр улсад амьдарч байгаагүй. Тэд энд орос их дээд сургууль төгссөн. Би охидоороо их бахархдаг. Одоо ч эндээ ажиллаж байна. Миний охид гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Нэг охин дорнын хоёр хэл сайн сурсан байна лээ. Гэхдээ би гэр бүлийнхээ талаар ярих дургүй. Тэд нар улс төрд ороогүй, бизнес ч хийдэггүй. Од охид биш” хэмээн ярьсан удаатай. Путиний охидын талаарх мэдээлэл маш бага. Мария эмнэл зүйн судлаач мэргэжилтэй, Москвад нөхөр, Нидерландын иргэн Иорит Фаассентэй амьдардаг гэх мэдээлэл бий. Тэд Путинг аль хэдийнэ өвөө болгож, зээ хүүг нь бэлэглэжээ. Екатерина акробат бүжигчин, Москвагийн их сургуульд удирдах алба хашдаг аж. Оросын лидер дахиад нэг охинтой гэсэн цуу яриа байдаг. Тэрээр нэрт гимнастикч Алина Кабаеватай дотно харилцаа үүсгэж охинтой болсон гэгддэг ч энэ нь батлагдаагүй мэдээлэл юм. Сүүлийн өдрүүдэд Кремлийн тэргүүний бага охин Катя Парист өөр нэрээр амьдарч байгаа, тэгэх тэгэхдээ цэнгээний газар DJ хийж байгаа гэсэн мэдээ түгжээ. Энэ мэдээлэл мэдээж батлагдаагүй, батлагдах ч боломжгүй. Испанийн La luz de Melilla онлайн хэвлэлд бичихдээ, Путиний бага охин Луиза Розова нэрээр Испани, Францаар хэсэж амьдардаг гэсэн байна.