АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр ч хэргээр ял сонсоод байсан хүү Хантер Байденд бүрэн эрхийнхээ хүрээнд өршөөл үзүүлжээ. “Би Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон өдрөөсөө л Шүүхийн департаментын дотоод хэрэгт оролцохгүй гэдгээ хэлж байсан. Миний хүүг тусгайлан сонгож аваад шударга бусаар ял оноож байхад ч би энэ үгэндээ эзэн болсон” хэмээн Цагаан ордны эзэн мэдэгдэлдээ онцолжээ. Хантер Байден өнгөрсөн есдүгээр сарын эхээр хар тамхи хэрэглэсэн үедээ галт зэвсэг биедээ авч явсан хэргээр буруутгагдсан. Мөн төсвийн мөнгө зувчуулсан хэрэгт холбогдон 17 жилийн ял авч магадгүй болсон юм. Ийнхүү тэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчийн гэмт хэрэгт холбогдсон анхны хүүхэд болсон. Жо Байден хэдэн сарын өмнө мэдэгдэхдээ, хүүхэддээ өршөөл үзүүлэхгүй гэж байв. АНУ-ын Ерөнхийлөгч гэр бүлийн гишүүнээ өршөөлд хамруулсан анхны тохиолдол нь энэ биш. 2001 онд Билл Клинтон эцэг нэгтэй дүү Рожер Клинтоныг өршөөж байжээ. Тэрээр кокаин хадгалж, зарж борлуулсан хэргээр шийтгүүлээд байв. 2020 онд Дональд Трамп охин Иванкагийн хадам аав Чарльз Кушнерийг өршөөн хэлтрүүлжээ. Тэрээр ирэх сарын 20-нд тангараг өргөж Ерөнхийлөгчийн ажлыг дахин хүлээж авсныхаа дараа Кушнерийг Францад суух элчин сайдаар томилно хэмээн мэдэгдсэн юм.