Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.04 07:35
1957
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч онц байдал зарласан ч парламент нь дэмжсэнгүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр 22.00 цагийн үед телевизээр шууд мэдэгдэл хийж улс оронд онц байдал зарлан, цэрэг армийг хөдөлгөсөн ч парламентын дэмжлэгийг авч чадсангүй.

Түүнийг мэдэгдэл хийсний дараа парламентын гишүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж, Үндэсний Ассамблейн ордны гадаа цугларсан ч цэргүүд ордныг хамгаалалтад авч мөргөлдөөн үүсжээ. Нөхцөл байдал яаж ч эргэж магадгүй болсон тул парламентад сонгогдсон гишүүд Үндэсний Ассамблейн танхимд яаран орж ирж хуралдан 190 гишүүн (нийт 300 гишүүнтэй) 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн онц байдал тогтоох зарлигийг цуцлахыг шаардсан тогтоолыг баталжээ.

Үүний дараа Юн Сук Ёл онц байдлыг цуцална гэдгээ мэдэгдэж, Сөүлийн гудамжинд гарч ирээд байсан цэргүүд, хуягт машинууд байрлал руугаа буцсан гэсэн мэдээ ирж байна. Ерөнхийлөгч онц байдал тогтоож буйгаа мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын иргэд ордны гадаа цугларч 1980 оноос хойш анх удаа зарласан онц байдлыг яаралтай цуцлахыг шаардаж байсан юм. Ерөнхийлөгч Юн Сук Ёл умардын аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд улс оронд онц байдал зарлаж байна гэж мэдэгдэж байсан. Гэвч тэрээр сөрөг хүчин Ардчилсан намыг нухчин дарахын тулд ийнхүү онц байдал зарлаад бүтэлгүйтлээ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Тэрээр онц байдал зарлахдаа “Хойд Солонгосыг дэмждэг хүчнээс ардчилсан үндсэн хуулийн дагуу улс орноо хамгаалах шаардлага гарлаа” гэсэн ч яг ямар аюулын тухай яриад буйгаа тодотгоогүй.

Онц байдал гэдэг нь цэргийнхэн бүх эрх мэдлийг авч иргэний эрх чөлөө хаагдана гэсэн үг. Үл итгэсэн, эргэлзсэн, эмх замбараагүй байдал зургаан цаг үргэлжлээд ийнхүү намжиж байх шиг.

Өмнөд Солонгосын телевиз мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч онц байдлыг цуцалж буйгаа зарлаж мэдэгдэл хийгээгүй бол онц байдал үргэлжилнэ хэмээн тус улсын зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгджээ. Нөхцөл байдал хэрхэн өрнөх нь дэлхий нийтийн сонирхлыг татаж байна.