Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.12.04 10:31
3477
Д.Энхжаргал: ЭШ-ийн материалыг интернэт, гар утасгүй, вакум орчинд бэлддэг учир задрах боломжгүй

Маргааш буюу 12-р сарын 5-ны өдөр өвлийн элсэлтийн шалгалт эхэлнэ. Тиймээс БҮТ-ийн ЭШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас элсэлтийн шалгалттай холбоотой, шалгуулагч нар анхаарах шаардлагатай зарим зүйлийг тодрууллаа.

-Элсэлтийн шалгалт маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн өвлийн шалгалтад хэчнээн шалгуулагч хамрагдах вэ

-Энэ жилийн өвлийн шалгалт маргааш 10 цагт монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад нийтдээ 7 мянга гаруй шалгуулагч шалгалт өгнө гэж бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтад 4 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн байгаа. 

-Дараагийн шалгалтууд хэдний өдөр товлогдсон байгаа вэ

- 12-р сарын 5-аас 8-ны өдрүүдэд нийт 11 хичээлийн шалгалт авна. Шалгалтын хуваариудыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаа нийтэлсэн байгаа. Тиймээс шалгуулагч нар шалгалт өгөх газартаа 30 минутаас нэг цагийн өмнө ирэхийг зөвлөж байна. Учир нь Улаанбаатар хотод олон шалгуулагч нэг газар хуваарилагдсан байгаа. Мөн шалгуулагч нарийн бичиг баримтыг шалгах, хувцсаа өлгүүлэх гэх мэтээс шалтгаалж цаг хугацаа нэлээн зарцуулдаг. Ингэж байж анги танхимдаа 10 минутын өмнө орж сууж, сандралгүй шалгалтаа өгөх боломжтой. 

-Элсэлтийн шалгалтыг жилдээ хоёр удаа авдаг болсон. Өмнө нь шалгуулагч нар бүтэн жил хүлээдэг байсан

-Шалгалтыг жилд хоёр удаа авдаг болоод гурван жилийн нүүрийг үзэж байна. Шалгуулагч нар 6 сард шалгалтаа өгөөд тухайн сургуулийнхаа босго оноог давж чадаагүй бол бүтэн жил хүлээдэг байсан. Одоо бол зургаан сарын хугацаанд шалгалтдаа бэлдээд, шалгалтаа өгөх боломжийг нээж өгсөн. Энэ нь шалгуулагч нарын цаг хугацааг хэмнэх давуу талтай. Мөн үүнтэй холбогдуулаад их дээд сургуулиуд өвлийн элсэлт зохион байгуулдаг болсон.

Хүмүүсийн насан туршдаа боловсрох эрхийг хүндэтгэж, шалгалтыг жилд хоёр удаа явуулж байгаа нь шалгуулагч нарт таатай шийдвэр болсон.

-Шалгуулагч нар ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ

- Энэ удаагийн шалгалтад өмнө оны шалгуулагч нар орж байгаа. Зун 6-р сард ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авчихсан, босго онооны болзлоо хангаж чадаагүй шалгуулагч нар орно. Одоогийн шалгалтад 12-р ангид суралцаж байгаа сурагчид оролцох боломжгүй. Яагаад гэхээр эдгээр сурагчид боловсролын гэрчилгээгээ аваагүй байгаа. Шалгалтын журамд шалгалтыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн өгнө гэж заасан байдаг. 

Гэхдээ зарим эцэг, эхчүүд 12-р сарын шалгалтанд 12-р анги төгсөж байгаа хүүхэд нь орно гэж төөрөгдөх тохиолдол гарч байгаа. 

Шалгуулагч нар дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

-Шалгалтын материал засдаг төхөөрөмж, машин оноо буруу бодсон гэх яриа гардаг. Эсвэл шалгуулагч тэнцээгүй болохоор эцэг, эхээсээ айсандаа шалгалтын материал зассан төхөөрөмж худлаа зассан гэж худлаа хэлэх тохиолдол гардаг. Энэ асуудал дээр мэдээлэл өгвөл

- Бид хариултыг скантрон машинаар уншуулдаг. Шалгуулагч шалгалт өгснийхөө дараа 10-20 минутын дараа шууд засалтын ангид орж, материалаа хэрхэн засаж байгааг нь хардаг. Ингэснээр 100 онооноос хэдэн оноо авсан бэ гэдэг анхны оноогоо шалгуулагч мэдэж авдаг.

Өөрөөр хэлбэл, шалгуулагч шалгалтаа өгсөн даруйдаа хэдэн оноо авснаа хараад гардаг гэсэн үг. Энэ сүлжээнд байршсан дүн оноо ямар нэгэн байдлаар засварлагдах боломжгүй.

 Манай дүнгийн систем блокчейн сүлжээнд байршдаг болсноос хойш хоёр жил болж байна.10 жилийн дараа ч шалгуулагч элсэлтийн дүн оноогоо харсан ч авсан оноо нь хэвээрээ л байна. 

Хүүхдүүд фотошопдох гэдэг ч юм уу, аав ээжээсээ айж эмээсэндээ дүнгээ буруу хэлснээр үнэлгээний төв эцэг эхчүүдийн дунд үл ойлголцол үүсэх байдлууд мэр сэр гардаг. 

-Шалгалтын материал задарсан, зарна гэх зарууд явж байдаг. Шалгалтын материалыг хэрхэн бэлтгэдэг вэ

- Ашиг хонжоо хайсан хүмүүс шалгалтын материал задарсан гэж худлаа хэлж материал зарах тохиолдол гардаг.

Шалгалтын сэдэв даалгавар боловсруулах багш нар вакум орчинд, Улаанбаатар хотоос зайдуу ямар ч интернэт, сүлжээгүй, гар утасгүй, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг.

Тагнуулын ерөнхий газраар дамжуулан сэдэв даалгавараа орон нутагт хүргүүлдэг. Улаанбаатарын сэдэв, даалгаварыг ч тагнуулын байгууллагатай хамтран шалгалт болох төвүүдэд тараадаг.

Тиймээс шалгалтын сэдэв задарсан, надад байгаа зарна гэх худал зүйлд итгэж цаг хугацаа, мөнгөө үрэхгүй байхыг зөвлөж байна. 

Шууд дамжуулалт: