Өмнөд Солонгосын Үйлдвэрчний холбоодын эвсэл Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлалаа хэмээн Ройтерс агентлаг уламжлав. Өнөөдрөөс эхлэн зарласан хугацаагүй ажил хаялтад маргааш Өмнөд Солонгосын төмөр замын корпорац нэгдэхээр болжээ.
Тус улсын сөрөг хүчний тэргүүлэх нам Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг даруй огцрохыг шаардаж байна. Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын 3-ны орой онц байдал зарласан ч парламент дэмжээгүй. Тэрээр Хойд Солонгосын талыг баримтлагчдын аюул заналхийллийг үндсээр устгах хэрэгтэй болсон тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн юм.
Юн Сок Ёл онц байдал зарласан нэрээр улс төрийн өрсөлдөгчдөө намнах гээд бүтэлгүйтлээ хэмээн хэвлэлүүд бичиж байна. Одоо парламентад суудалтай намууд түүнийг хариуцлагад татаж огцруулах асуудлыг хэлэлцэх бололтой.