Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.04 17:01
1207
“Эрдэмтдийн зөвлөл”-өөс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн хөдөө аж ахуйн салбарын зураглалд тусгаж, бодлогын баримт бичиг боловсруулна
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Эрдэмтдийн зөвлөл”-ийн V хуралдаан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Эрдэмтдийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг өргөтгөн Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Лабораториудын эрдэмтдийг татан оролцуулж, эрдэмтдийн зөвлөлийн цар хүрээг тэлсэн. Тэгвэл өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй “Эрдэмтдийн зөвлөл”-ийн анхны хуралдаан болж, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа хөдөлгөөнүүдийн уялдаа холбоо, давхардлыг арилгах зураглалд санал орууллаа.

Ч.Даваабаяр: Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан саналыг дээрх зураглалуудад тусгаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ тогтолцоо бүрдүүлнэ

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр даргалсан бол УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар оролцож, нээж үг хэллээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуйн салбарын зураглал, биржийн өнөөгийн байдал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт зэрэг сэдвээр хэлэлцэн, санал, дүгнэлт гаргав.

УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсэг “Хүнсний хувьсгал” “Цагаан алт” “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнүүдийн уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх арга замын зураглалд эрдэмтдийн саналыг тусгах, нэгтгэх, зөрүүг тодорхой болгох, нэгдсэн ойлголтод хүрч ажлыг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн хөдөө аж ахуйн салбарын зураглалд тусгах, бодлогын баримт бичиг боловсруулах зэргээр үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөдөлгөөнүүдийн уялдааг сайжруулах, давхардлыг арилгах ажил үргэлжилнэ.