Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.05 13:37
2238
Хосе Мухика: “Би амьдралын төлөө тэмцэхээр програмчлагдсан хүн”

Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгдэж явсан Хосе Мухика 2010-2015 онд Уругвай улсаа удирдаж Уругвайчуудын дундаж амьдралыг дээшлүүлж хөгжингүй орнуудтай ойртох эхлэлийг тавьсан юм.

“Дундаж Уругвай иргэн ямар цалин авч байна, улстөрч бас тийм цалинтай байх ёстой” гэж зарчим баримталснаар дундаж цалин дорвитой нэмэгдсэн. Өнөөдөр Уругвайн хувийн хэвшлийн дундаж цалин 4.800 доллар (сарын), хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 556 доллар болжээ.

Энэ бүгдийн эхлэлийг тавьсан гавьяатан нь зүүний үзэлтэй Хосе Мухика. Тэрээр Ерөнхийлөгчийн цалингийнхаа (12.000 доллар) 90 хувийг буяны санд хандивладаг, зуслангийн хуучин байшиндаа ногоо тарьсан шиг, залуу зандан цагтаа худалдаж авсан Wolksvagen-аа жолоодсон төрийн тэргүүн байсан. Залуудаа эрх баригчдын эсрэг тэмцээд 14 жил шоронд хоригдож явсан нэгэн. 89 настай Мухика өнөөдөр эхнэр Лусия Тополанскийн хамтаар нөгөө л зусландаа амьдарч байна.

Саяхан болж өнгөрсөн Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуульд зүүний үзэлтэй Яманду Орси ялалт байгуулсан юм. ВВС Хосе Мухикатай уулзаж ярилцжээ.

- Мөнгөтэй, баян хүн улс төрд орж болохгүй гэсэн хатуу байр суурь тань юутай холбоотой вэ?

- Өнөөдрийн миний үзэл бодол, сэтгэлгээ, үнэт зүйлс шоронд өнгөрүүлсэн он жилүүдтэй салшгүй холбоотой. Тэнд л энэ бүгд бүрэлдэж бий болсон юм. Би ядуу хүн бол биш. Их олон зүйл хэрэгтэй болдог хүмүүс л ядуу байдаг гэж Сенека хэлсэн. Яг л тийм байдаг. Би хахир, арвич хүн. Амьдрахад надад нэг их зүйл хэрэггүй. Би Ерөнхийлөгч болоогүй байхдаа, Ерөнхийлөгч болсон хойноо ч яаж амьдарч байсан яг л тэр маягаараа амьдарч байна. Нөгөө л зам дээрээ, нөгөө л байшиндаа, нөгөө л нэг хөрштэйгээ амьдардаг. Манай улсын хүн амын ихэнх нь яаж амьдарч байна, би тэгж амьдрах дуртай. Тэр хүмүүс л миний төлөө саналаа өгч байсан. Яагаад би тэдэнтэй адилхан байдаг нь ийм учиртай. Ёс суртахууны хувьд, Уругвайн хүн амын цөөнх шиг амьдрах эрх надад байхгүй. Олон хүн их мөнгөтэй байдаг. Тэд улс төрд орох ёсгүй. Би л лав ингэж боддог. Би цэцэрхэж ингэж яриагүй, би өөрийгөө сурталчлаагүй. Миний философи энэ юм.

- Та эхнэр Лусиятайгаа 53 жил цуг явж байна. Хайр сэтгэлийн талаар залууст хэлэх үг байгаа даа?

- Залуу байхад хайр сэтгэл гэж нэг өөр зүйл байж. Харин өдий наслачихаад харахад хайр сэтгэл бол их гэгээлэг, амттай зуршил юм байна. Хайр бол ганцаардлаас зайлсхийх арга. Лусия байгаагүй бол би ч баларч явах байсан биз. Би амь амьдралаараа түүнд өртэй. Би их шагнал авсан хүн. Одоо 90 хүрлээ, тэр маань 80-тай. Өдий олон жил хамт явж байна гэдэг чинь л их зориг, өөрсдийгөө үнэлсэн хэрэг шүү дээ. Өнөөдөр хоёр хөгшин хүн өөрсдийгөө болгоод, амьдраад явж л байна.

-Бие тэнхээ дажгүй биз дээ?

- Одоо ч ядардаг болжээ. Саяхан залгиур эрхтэндээ нэг эмчилгээ хийлгэсэн, хэзээ тэр нь дуусах юм бүү мэд. Өвдөж байснаа бодвол бие хамаагүй сайн байна. Би ч дандаа үхэх ялтай юм шиг л амьдарч. Гэхдээ би амьдралын төлөө тэмцэхээр програмчлагдсан хүн. Дандаа зөрчилдөж, сөрж явсан байгаа биз. Амьдралын давс нь явсан юм уу даа. Гэхдээ л тэр амьдрал надаас өршөөлгүйгээр яваад өгнө. Амьдралд амт нэмэх л хэрэгтэй.

- Амьдралыг утга учиртай болгоно гэдэг таныхаар юу вэ?

- Бидний оршин тогтнол, амьдралын бүлгийг дүүргэх ямар нэг чухал зүйл байх ёстой. Миний тохиолдолд, арай илүү сайн дэлхийг бий болгохын төлөөх тэмцэл байсан. 20 жил нэг молекултай ноцолдож буй эрдэмтэд байдаг. Ямар нэг зорилго, шалтгаан байхгүй бол нийгэм чамайг зүгээр л арчаад хаяна. Хүн байнга л ямар нэг хувь, төлөөс төлж амьдардаг. Амьдралд ялж, унах бүртээ бүгдийг шинээр эхлүүлдэг. Тэгж унаж босож явсаар бид ямар нэг амжилтад хүрдэг. Би юу ч захиж, гэрээслэхгүй. Үлдэж байгаа хүмүүс тэмцээд үлдэнэ, тэд хэнээр ч заалгахгүй.

- Таньтай адил үзэл баримтлалтай Яманду Орси Ерөнхийлөгчйн сонгуульд ялалт байгууллаа...?

- Уругвайд хоол хүнсэндээ ч хүрч чадахгүй ядуу тарчиг хүмүүс байгаа нь ойлгоход бэрх асуудал. Энд миний ч хариуцлага байгаа. Би илүү их зүйлийг хийж болох байсан. Бид уул нь хоол хүнс сайн үйлдвэрлэдэг улс. Төр улс гэдэг бол зүгээр л багажтай хайрцаг гэсэн үг, түүнд ухамсар байхгүй. Төрийг удирдаж байгаа хүмүүс л алдаа гаргадаг. Тэр төрийг удирддаг хүмүүс нь бид нар шүү дээ. Намайг Ерөнхийлөгч байхад иргэд зуслангийн даржин байшинг минь ирж үзээд “Ямар даруухан байшин бэ!” хэмээн дуу алдаж намайг шүтэн биширдэг байсан. Тэгэхдээ л тэд миний үгийг тоодоггүй.