Сэтгэл санааны хохирогчдын холбооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Баянмөнхтэй ярилцлаа.
Сэтгэл санааны хохирлыг барагдуулах тухай хуулийн талаар иргэдэд товчхон мэдээлэл өгөхгүй юу?
Анх сэтгэл санааны хохирол гэх зүйл иргэний хуульд суусан байдаг. Гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол нөхөн олгох хууль 2023 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Нөхөн олговрууд шүүхээр шийдэгдэж олгогдоод явж байна. Хүний амь нас хохирсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, эсвэл тухайн хүний дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх байдлаар аль ашигтай байдлаар шийдье гэдэг зохицуулалт орж ирсэн.
Тусгай ангид заасан нийтлэг тохиолддог эрүүгийн хуулийн 84 гэмт хэрэгт орж байгаа. Манай улсад зам тээврийн хэрэг, залилах гэмт хэрэг, хүний биед халдах зэрэг түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд байна.
Шүүхийн шатанд удааширч байгаа тохиолдол хэр гарч байна вэ?
Хууль хэрэгжихэд хүний нөөц, чадамжийн асуудал их яригдаж байгаа. Шүүх шинжилгээний байгууллагад гэхэд өдөрт 200-300 хүн шинжээч гаргуулж дүгнэлт гаргуулах хүсэлт өгч байна. Өнөөдөр өгсөн өргөдөл гэхэд 1-2 сарын дараа ирэх жишээний байна. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг.
Сэтгэл санааны хохиролд тухайн гэмт хэргийг харсан хүн сэтгэл санааны хохирлоо барагдуулах боломжтой юу?
Энэ бол хуульчдын хүрээнд яригдаж буй асуудал. Хүний амь нас хохирсон тохиолдолд нөхөн олговор олгох нь тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүн гэж тодорхойлсон. Гэр бүлийн гишүүн гэдэг бол албан ёсоор гэрлэсэн, төрсөн хүүхэд, төрсөн аав ээж гэх мэт хамаарна шүү дээ. Гэмт хэргийг харсан хүнийг ОУ-д бол хохирогч гэдгээр тогтоодог. Хуульчдын зүгээс үүнийг хуульд тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа.
Сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг болсноос хойш хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй ямар асуудал гарч байна вэ?
Шүүх дээр нэлээн асуудал гарч байна. Тухайлбал дүгнэлтээ яаж гаргах вэ гэдгээс эхлээд нэлээн маргаантай асуудал бий болох тохиолдол бий.
Сэтгэл санааны хохирогчдын холбоо яг ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
Манай холбоо 2023 оны тавдугаар сард байгуулагдсан. Мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуулийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээд ажиллаж байна. Бидний зүгээс энэхүү хуулийн боловсронгуй болгож, төлөвшүүлж практикт хэрхэн зөв хэрэглэж байна вэ? Мөн тодорхойгүй зүйлүүдийг тодорхой болгож өгөх шаардлагатай гэж харж байгаа. Хохирогчийн эрх ашгийг хамгаалахад хууль тогтоомжийн нэгдмэл байдал маш чухал гэдэг байр суурьтайгаар байгуулагдсан холбоо.
Нөхөн олговрын санхүүжилтийн асуудал дээр хэрхэн зохицуулагдаж байгаа вэ,Татвар төлөгчдийн төлсөн татвараас гаргаад байж болох уу?
Нөхөн олговрын асуудал орхигдсон. Нөхөн олговрын сан гэж байдаг. Сангийн журам нь өөрөө тусдаа, тодорхой тохиолдлын хүнд гэмт хэргүүд дээр олгогддог. Гэмт хэрэгт холбогдогч нь нөхөн төлбөрийн чадамжгүй, бүх насаараа хорих ял авсан гэх мэт тусдаа асуудал. Мэдээж татвар төлөгчдийн мөнгө учраас тооцоо судалгаатай олгож байгаа. Манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь зам тээврийн осол, ахуйн шинжтэй архидалтаас улбаатай хэргүүд байна. Яг бодитойгоор эргээд төлөгдөнө гэдэг нэг талдаа баталгаагүй байна. Хэт өндөр дүнтэй мөнгөн дүн тогтоогоод тэр нь шүүхийн шийдвэр дээр очоод гацсан байдалтай байж болохгүй.
Шүүх шинжилгээний байгууллага хохирогчийн эсрэг илтэд худал дүгнэлт гаргасан тохиолдол гарч байна уу?
Шүүх шинжилгээний байгууллагын зүгээс хууль журамдаа нийцүүлээд ажиллах гэтэл мэдээлэл муутай, хуулиа судлаагүй иргэдийн зүгээс хардаж, ашиг сонирхлын зөрчилтэй гэж харах өнцөг байна гэдгийг хэлж байна лээ. Хохирогч нь өөрийн биеэр байж гэмтлийн зэрэг, сэтгэл санааны хохирол тогтооно. Гэтэл зарим тохиолдолд хамааралгүй хүмүүс нь орж ирээд өөрсдийнхөө сэтгэл санааны хохирлыг тогтоолгоно гэдэг үл ойлголцол их гарч байна гэдгийн шүүх шинжилгээний байгууллагаас ярьсан.
Ярилцсанд баярлалаа.