Швед улс хүйсийн тэгш эрхээр дэлхийд алдартай. Мөн тус улсад ажилгүй хүн гэж байдаггүй, улс орон бүрт байдаг ажилгүйдэл энэ улсад байхгүй. Гэвч сүүлийн үед швед эмэгтэйчүүд ажлаас гарах нь моод болж, ямар нэг албан газар харъяалагдахгүй гэртээ байх нь хамгийн зөв хэмээн үзэх болжээ.
25 настай Вилма Ларссон өмнө нь хүнсний дэлгүүр, асрамжийн газар, үйлдвэрт ажиллаж байсан. Нэг жилийн өмнө ажлаа орхиж гэрийн найз бүсгүй, гэрийн эзэгтэй болжээ. Ажил хийж байхдаа хэзээ ч аз жаргалтай байгаагүй хэмээн тэрээр хэлж байна. “Ажил хийхгүй байхаар миний амьдрал илүү сайхан болсон. Одоо санаа зовох юм алга” хэмээн Вилма ярилаа.
Найз залуу нь санхүүгийн компанид зайнаас ажиллаж зөөврийн компьютер дээр цагийг өнгөрөөж байх зуур бүсгүй дасгал хөдөлгөөн хийж, кофе чанаж, эсвэл хоол хийнэ. Тэд Шведийн төв хэсгийн жижиг хотод амьдарна, одоо тэд их аялдаг болсон. Энэ өвлийг Кипрт өнгөрөөхөөр явж байгаа аж. “Найз залуу минь цалингаасаа сар бүр надад хувь өгдөг. Надад дахиад мөнгө хэрэгтэй бол би түүнээс асууна. Өгсөн мөнгө нь илүү гарвал би цааш хадгалдаг” хэмээн Вилма өгүүлэв.
Тэрээр Инстаграм, Юүтүб, ТикТок дээр амьдралын хэв маягаа хуваалцаж 11 мянган дагагчтай болжээ. Зарим нь бичлэг 400 мянга хүртэл лайк авч байгаа ч одоогоор түүгээрээ мөнгө хараахан олоогүй байна. Вилма “hemmaflickvän” буюу гэрийн найз бүсгүй гэдэг түлхүүр үг ашигладаг.
Ямар ч ажил хийхгүй байхыг “Дөлгөөн охины амьдралын хэв маяг” (The soft girl lifestyle) хэмээн нэрлэх болж, Швед болон бусад улс оронд тренд болж байгаа аж.
Тус улсын хамгийн том судалгааны байгууллага Ungdomsbarometern-ээс гаргасан тоо баримтаар, нэг жилийн өмнөөс дэлгэрсэн soft girl амьдрал 15-24 насныхны дунд ихэд алдаршиж байна. 7-14 насны охидын 14 хувь нь өөрсдийгөө “дөлгөөн охин” хэмээн тодорхойлжээ.
Энэ нь сургуулиа төгсөөд ажил хийхгүй гэртээ сууна гэсэн үг. “Ээж, эмээ минь нэг албан газарт харъяалагдаж ажилласнаар сэтгэл зүй тогтворгүй, бухимдах нь их байсан. Ажил дээрээ амжилт гаргаж дээш ахих ёстой гэсэн өндөр дарамт шахалт л тэнд байдаг” хэмээн Вилма Ларссон ярьж байна.
Шведийн Z үеийнхэн Инстаграм, ТикТок зэрэг нийгмийн сүлжээний нөлөөнд автаж ажил хийж карьер хөөхөөсөө илүү гэртээ байж, аялж зугаалахыг эрхэмлэх болжээ.