Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.06 09:46
3086
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өчигдөр /2024.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 27 минутад  эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн тул хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасныг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан гэв.

Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг Тэргүүн шадар сайд онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлаас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.

Төсвийн зардлыг бууруулж байгаа нь зарим салбаруудын өсөлтийг хязгаарлах хэдий ч бид зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан найман хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оноос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр байна. Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд бид 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг мөн давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэв.

Мөн зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ес орчим хувиар өндөр байна. Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос хоёр дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт өндөр байхаар байна. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний гурван улиралд 8.8 хувиар өслөө. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Эрчим хүчний салбар энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өслөө. Тус салбарт хэрэгжиж байгаа Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд нийт эдийн засгийн  хүчин чадлыг дэмжинэ гэж тооцож байна. Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно. Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний  гурван улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь цаашид боловсруулах салбарын өсөлтийг дэмжихээр байгааг Л.Гантөмөр сайд танилцуулгадаа дурдлаа.  

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.

Тэрбээр,  Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Мандхай, Э.Болормаа, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Да.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан, Б.Заяабал нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүдийн зүгээс төсвийн орлогын 95 хувийг бүрдүүлж байгаа татварын ачааллыг багасгахад төрийн өмчит аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хувьчлах, олон нийтийн өмчит болгох асуудалд ямар бодлого баримталж буйг лавлав. Мөн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн уялдааг хангасан эсэх, төсөлд тусгасан эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт бодитой эсэх, 2025, 2026, 2027 оны төсвийг алдагдалгүй байхаар тооцоолсон шалтгааны талаар илүүтэй тодруулж байлаа.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариултдаа, татварын орлогын тооцоололд хувийн хэвшлээс гадна төрийн өмчит компаниудыг хамруулж байгаа бөгөөд улмаар “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг нь татварын хамгийн томоохон орлого бүрдүүлэгчид. Харин бид төсвийн  хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхдээ эдийн засаг дахь төрийн өмчит компаниудын оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан. Иймд цаашдаа Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнийхөө үндсэн чиглэлд туссан улсын үйлдвэрийн газруудын үр ашгийн тооцоог богино хугацаанд хийж, хамгийн ашигтай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох ажлыг хийж байна. Харин ашиггүй байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зогсооно. Ер нь Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийж байна гэсэн тайлбарыг өгөв. 

Парламентаас тусдаа Засгийн газрын бодлого гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг Улсын Их Хурал баталсан. Уг төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилтыг тусгасан. Эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана. Найман хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн шалтгаан нь импортын  өсөлт идэвхжсэнтэй холбоотой. Тухайлбал, 2.9 тэрбум ам.долларын  үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж орж ирсэн байх жишээтэй. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь эргээд төдий хэрийн олборлолтын хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариулж байлаа.

Мөн тэрбээр, ирэх дөрвөн жилдээ дотоодоос дайчилж буй төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний  хоёр хувийн ашигтай байхаар тооцож, гадны зээл тусламжийг авахдаа хоёр хувийн алдагдал хүлээхээр тусгаж оруулсан. Үүнээс Улсын Их Хурал татгалзсан. Улсын Их Хурлын байр суурь нь бүрэн эрхийн хугацаанд хадгалагддаг тул бид дөрвөн жилийнхээ төсөөллийг хийхдээ алдагдалгүй төсөв батлах бодлогыг баримтална хэмээх тайлбарыг өгөв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, Ж.Баярмаа нар байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.