Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.12.06 15:17
1367
21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлах гэж байна

21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг дахин батлах гэж буйтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.

Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л “хүн төвтэй” эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөснөө зарласан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулсан 54 ажлын хэсэг нь хуульд хүний эрхийн хангасан, хамгаалсан зүйл заалтуудыг шингээх хүрээнд байгуулагдсан гэж хэлж болно. Саяхан баталсан УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө нь “хүн төвтэй” парламент гэсэн бодлогод чиглэх учиртайг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа мэдээлж байсан.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргаж байгаа хууль тогтоомж, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах зэрэг бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлчихлоо. Хүний эрхийн олон улсын өдрөөр буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ныг угтаж УИХ-аас хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2” төслийг нийтэд нээлттэй танилцуулахаар зэхжээ.

Тодруулбал, 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлах гэж байна. Тухайлбал хууль, тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн, хэрэгжилтийг сайжруулах, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг олон нийтийн оролцоонд түшиглэн явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарна.

Энэ хүрээндээ 230 гаруй арга хэмжээг үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Мөн энэ үеэр залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх ба холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах талаар мэдээллээ.