Сирийн босогчид эрчимтэй давшсаар арванхоёрдугаар сарын 8-ны шөнө Дамаскийг эзэлсэн. Тэд арваннэгдүгээр сарын 27-ноос давшилтаа эхлүүлж 12 хоногийн дотор Башар Асадын дэглэмийг нураалаа.
Босогчид төв телевизээр мэдэгдэл хийж 2000 оноос хойш Сирийг удирдаж байгаа Асадын дэглэмийн төгсгөл ирснийг зарлажээ.
Нисэх онгоц хөлөглөж Сирийг орхин гарсан Башар Асад хаашаа явсан нь тодорхойгүй байсан ч удсан ч үгүй тодорхой болов. Тэрээр гэр бүлийн хамтаар Москвад иржээ.
Асад албан тушаалаа орхих шийдвэр гаргаж, эх орноо орхиж гарахдаа эрх мэдлийг энхийн замаар шилжүүлэх тушаал өгсөн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. ОХУ Асадад орогнох эрх олгожээ.