Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.
Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн Засаг дарга И.Төмөрчөдөр болон бусад албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.
“Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас фермерийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж байна.
Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 150 орчим Монбельярд үүлдрийн үхэртэй. Өдөрт дунджаар 1 тонн сүү сааж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг. Үүнийг “Пастерийн арга” гэдэг байна. Ингэж боловсруулсан сүүг “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 1800 сурагчдад өгөхөөс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.
Фермийн 80 гаруй хувь автомат бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг эко эрчимжсэн мал аж ахуй юм.
Харүмафүжи сүүний фермийг ашиглалтад оруулахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээл томоохон дэмжлэг болжээ. Үүнээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, сүүний урамшуулал зэрэг дэмжлэгүүд сүүний фермер хөгжих, өргөжих түлхэц болж байгааг онцолж байлаа
Одоогоор фермийн хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа бөгөөд саалийн үнээний тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд 2000 сурагчтай гурван сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангах боломжтой гэв.
Монгол Улс шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бол сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг онцлов.