Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр байгууллага, хамт олноороо ажлын үр дүн, ололт амжилтаа тодорхойлж, шилдгүүдээ шалгаруулж баяр, ёслолын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулдаг.
Энэ үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлийн талаарх мэргэжлийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл эрс нэмэгдэж, иргэд осгох, бэртэж гэмтэх, осол аваарт орох, цахилгаан хэрэгслийг хэт ачаалж халалт үүсгэсний улмаас гал алдах, угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд ихээр бүртгэгддэг.
Өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгдсэн бол эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан дүн мэдээтэй байна.
Сүүлийн 5 жилд дунджаар 952, сард 79, өдөрт 2 хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээ байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн, согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33’764, эрүүлжүүлэгдсэн 6’649 хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48,4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо 8.0 хувиар өсжээ.
Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 824 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн.
Энэ онд архины албадан эмчилгээнд 293, сайн дурын эмчилгээнд 185 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үеэс 7 нэгжээр өсөж, сайн дурын эмчилгээнд хамруулсан хүний тоо 1.3 дахин буурсан байна.
Түүнчлэн Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолд “Пиротехник хэрэгсэл, салют, бенгалын гал зэргийг ашиглахдаа мэргэжлийн операторчин буудлага үйлдэнэ” гэж тусгасан боловч иргэд, байгууллагын зүгээс баталгаагүй салют худалдан авч, ашигласнаас үүдэн сүүлийн 10 жилд 21 хүн гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарч гэмтэл авч байсан бол гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй галын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 2 бүртгэгдэж эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.
Иймэд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, буруу зуршлаас үүдэлтэй нийгэм, хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улмаар татгалзуулж зөв хандлага, соёл, хэрэглээг төлөвшүүлэхэд уриалж, сурталчлан таниулахад чиглэх юм.
Мөн тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагаас төв, орон нутгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулж ажиллахаас гадна Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийнэ.