УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотоос Дархан хот руу нүүлээ гээд түгжрэлд нэмэр болоод байгаа юм байхгүй, 70 гаруй л хүн нүүж байгаа. Түгжрэл бууруулах хүрээнд гэсэн зорилго нь биелэгдэхгүй гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гэх зорилгыг огт биелүүлээгүй юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулиараа улсын дээд байгууллагууд нь улсын нийслэлд байна, түүнийг улсын нийслэл гэнэ гэж заачихсан. Хэрвээ энэ жишгээрээ байвал бусад яамдаа аймгууд руу нүүлгэе гээд нүүлгэж болно шүү дээ. Энэ нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм. Үүнээс гадна яамыг дагаж сан, агентлагуудаа дагаж нүүлгээд, нүүлгэлт нь дуусаагүй байхад яамны газар байрыг нь зарах гээд байх ямар хэрэгцээ байгаа юм гэдгийг хэлж байгаагаас сайдтай ямар ч эрх ашгийн зөрчилгүй.
Магадгүй нэг өдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол 2 тэрбумаар нүүсэн яам 20 тэрбум байтугай асуудал үүснэ. Хувийн ашиг сонирхлыг хязгаарлах хууль гэж байгаа. Тэгэхээр мал аж ахуй, тариа ногооны бизнестэй хүн энэ салбарын сайд болох нь зөв үү үгүй юу гэдэг зарчмын байр суурь илэрхийлээд байгаа юм" гэв.