Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.12.12 16:49
2854
Н.Алтанхуяг: Намайг хэлмэгдүүлсээр байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, алалцана

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хэлэлцэж, шийдвэрлэсэн. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдүгээрт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нартай холбоотой хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон юм.

Уг асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Гурван жил орчим л Хөгжлийн банкны хэрэг гэж явлаа, надад тийм хэрэг байхгүй. Гурван гишүүн уг хэрэгт татагдан шалгагдаад дөрөв дэх дээр нь намайг холбогдуулан шалгасан. Ингээд анхан шатны шүүхээс уг нь зөв шийдвэр гаргаж, намайг цагаатгасан тул би давж заалдаагүй. Нийслэлийн шүүх дээр хүртэл анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж дүгнэсэн ч Дээд шүүх цагаатгасан шийдвэрийг буцаалаа гэж гаргасан байна. Энэ нь намайг дарамталж байна гэж ойлголоо.

Тодруулбал Их хурал дээр олон юм яриад байдаг наадхыгаа дуугүй болго гэсэн үүрэг авсан байх. Намайг эрх баригчид хоёр гурван жил дарамталж, алхам тутамд минь бага ярь гэдэг. Би улааныг харж урваж, шарыг харж шарваж үзээгүй хүн, дахиад гурван жил чирчихвэл Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй амар сайхандаа жаргах бодолтой байгаа байх. Энэ байдлаараа зүгээр байгаа хүнийг дарамталсаар байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд тусгаар улсынхаа төлөө алалцсан ч яах вэ гэж бодож байна.