Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.12.12 17:36
4782
П.Сайнзориг: Эрчим хүчний реформын хорооны долоон хүн тус бүр 7.1 сая төгрөгийн цалин авч байна

Үндэсний хороод, яамдын салбар хоорондын уялдаа болон давхцалтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

П.Сайнзориг: Төр эргээд их сонин бүтэц рүү орж байна. Н.Алтанхуяг гуайн засгийн газрын үед агентлагуудыг цөөлж байсан туршлага байдаг ч дүрээ эсгээд, төрийн өмчит компаниудыг олноор оруулж байсан. Яг үүнтэй адилхан өнөөдөр 18 яам, гурван сайд, үндэсний хороотой нийтдээ бараг л 21 яам ажиллаж байхад нэмээд 40 гаруй агентлаг ажиллаж байна.

Зарим үндэсний хороод тав зургаан орон тоотой, зарим нь олон орон тоотой байна. Би эрчим хүчний реформыг эсэргүүцээгүй, хийх ёстой. Гэтэл цалингийн сан дээр 600 сая төгрөг тавьчхаад, долоон хүн ажиллуулж байна. Нэг хүн сард долоон сая нэг зуун мянган төгрөгийн цалинтай гэсэн үг.

Сая засгийн газрын тогтоол батлагдчихлаа. Жишээ татахад, шинэ хоршооны асуудал яригдаж байхад, шадар сайд хариуцаж байна. Гэтэл ХХААХҮЯ аль бодлогыг хариуцах юм. Бодлогын уялдаа хаана байх юм, бодлого нь хэрэгжихгүй болсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдгийг л би яриад байгаа.  Орон сууцны асуудал бол салбар дундын уялдаатай. Гэхдээ аль сайд нь лид хийж авч явах юм гэдэг тодорхойгүй орхигдчихоод байна.

Үүнтэй ижилхэн эрчим хүчний асуудал ч яг адилхан. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид зөв зохицуулж чадахгүй бол яамдууд ажлаа хийж чадахгүй байна гэж бодож байна. Эсвэл яамдуудыг татан буулгах хэрэгтэй юм уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр яамдуудын бүтэц, орон тоо, чиг үүргүүдийг тодотгож өгөх ёстой. Би бол Үндэсний хороодод итгэхгүй байгаа.